Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Б.Болор-Эрдэнэ, Д.Саранцэцэг, Н.Туул, О.Бэхцэцэг нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд байна. Тэд хилээр нэвтрүүлсэн ачааг мэргэжлийн хяналтын улсын байцаагчид шалгуулахгүй, тээврийн хэрэгслээс бараагаа буулгахгүй байх гэсэн хүмүүсээс хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Хэдийгээр тэд олон зуун саяар нь хахууль аваагүй ч 2018 оны арваннэгдүгээр сараас 2020 оны долдугаар сарын хооронд удаа дараа бага хэмжээгээр нэр бүхий таван иргэнээс мөнгө авсныг мөрдөгчид тогтоосон гэнэ. Тиймээс дээрх дөрвөн байцаагчид Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Мөн тэдэнд хахууль өгсөн иргэн Б.Б, Б.Н, Г.З, Г.Б, С.О нарыг ч яллагдагчаар татан шүүхэд шилжүүлсэн байна.