Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон албан тушаалтнуудын хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө ХХААХҮ-ийн дэд сайдаар ажиллаж буй Ж.Бат-Эрдэнийг шалгаж эхэлсэн билээ. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй бөгөөд өмнөх долоо хоногт хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан юм. Өнгөрсөн баасан гарагт түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих саналыг НПГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ч Ж.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар дээрх шүүх хурлыг хойшлуулсан юм. Улмаар өчигдөр НПГ-аас гаргасан, Ж.Бат-Эрдэнийг яллагдагчаар тооцон хорих саналыг хэлэлцэн 30 хоногийн хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг “Дарханы зам”-ын гэх хэрэгт саатуулагдаад байгаа З.Буяннэмэхээс 70 сая төгрөгийн хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар батлагдаж буй учраас таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэнэ. З.Буяннэмэх нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдтой ойр дотно харилцдаг нэгэн учраас Тендерийн хороонд нөлөөлж, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац”-ыг тендерийн шаардлага хангаагүй байхад шалгаруулж давуу байдал олгосон хэрэгт холбогдоод буй. Өөрөөр хэлбэл, “Чайна гео инженеринг корпорац” нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан байхад З.Буяннэмэх тэргүүтний оролцоотойгоор Дархан-Уул чиглэлийн замын бүтээн байгуулалтын тендерт шалгарсан байдаг. Ингэхдээ түүгээр дамжуулж албан тушаалтнуудад хахууль өгсөн нь ийнхүү илэрхий болж буй аж.