Шүүхээр дэнслүүлэхээр болсон эрүүгийн хэрэг, иргэний маргааныг товлосон өдрөө хэлэлцэн шийдвэрлэх тохиолдол өдрийн од шиг болж. Хэргийн оролцогчид, тэдний өмгөөлөгч, төлөөлөгч нар элдэв шалтгаан тоочиж хойшлуулдаг нь гэм биш, зан болж хэвшсэн гэхэд хилсдэхгүй. ШЕЗ, шүүхүүдийн хийсэн судалгаанаас үзэхэд хурал хойшлуулж байгаа хэргийн гол эзэд нь өмгөөлөгч нар. Одоогоос 10 жилийн өмнө Улсын дээд шүүхийн судалгааны төвийнхний хийсэн судалгаагаар зөвхөн 2011 онд гэхэд шүүх хурал хойшилсон шалтгааны 80 хувь нь өмгөөлөгч нараас шалтгаалсан байдаг. Тэгвэл ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсээс энэ онд хийсэн судалгаагаар мөн л өмгөөлөгч нараас болж хурал хойшилсон шалтгаан дийлэнх хувийг эзэлжээ.
Тодруулбал, өнгөрсөн есдүгээр сарын байдлаар иргэний хэргийн шүүх 4391 хурал зарласнаас 1920 нь хойшилсны 92.7 хувь нь хэргийн оролцогч буюу өмгөөлөгч хурал давхацсан, өмгөөлөгчөө сольж байгаа, өмгөөлөгч өвчтэй гэх мэт шалтгаан хэлж хойшлуулсан байх юм. Ерөөсөө хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхгүй гацааж, хохирсон хүнээ “зовоон тарчлаах”, залхаах, хугацаа хожих шалгарсан арга бол өмгөөлөгч нарын дээр дурдсан шалтгаанууд. Сүүлийн жилүүдэд “Ковид-19”-ийн халдвар авсан гэж хэлээд шүүгдэгч нь ирэхгүй, эсвэл өмгөөлөгч нь ч оролцохгүй байх тохиолдол олон болсон. Түүнчлэн өмгөөлөгч нар элдэв шалтгаан хэлж шүүгч, шүүхээс татгалзаж хугацаа хожин, хэргийг мартуулах оролдлого хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч нараас шалтгаалж шүүн таслах ажиллагаа саатаж, шүүгч нар хуулиар хүлээлгэсэн ажлаа хийж чадахгүй байна. Шүүхэд шилжүүлж, шүүгчийн ширээн дээр очоод шийдвэрлэж чадалгүй, тоосонд дарагдах шахам болж байгаа зарим хэргийн бодит жишээг хүргэе.
ДӨРВӨН ЖИЛ ЗУРГААН САР ГАРУЙ БОЛСОН Ч ХЭЛЭЛЦЭЖ ЧАДААГҮЙ ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД БИЙ
Шүүхэд шилжээд эцэслэн шийдвэрлэгдээгүй олны анхаарал татсан эрүүгийн хэрэг олон бий. Тухайлбал, “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг тэргүүтэй хүмүүст холбогдох хэргийг хэчнээн ч удаа шүүхэд шилжүүлж, цөөнгүй удаа анхан шатны шүүхээс ял сонсож, өдгөө ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэхээр товлон хойшлуулсаар байгаа. Тэгвэл иргэний хэргийн шүүх хэлэлцэж чадахгүй удааширч, дөрвөн жил зургаан сар гаруй болж буй хэрэг байна. Иргэн Д.Байгалмаа, Л.Энхтүвшин нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны дөрөвдүгээр сарын 20-нд Д.Тунгалагтамир гэх эмэгтэйд холбогдуулж нэхэмжлэл гаргажээ. Нэг айлын бэрүүд болох Д.Байгалмаа, Д.Тунгалагтамир нарын дунд эд хөрөнгийн маргаан үүссэн аж. Д.Байгалмаагийн ажиллуулдаг дэлгүүрээс 154.9 сая төгрөгийн үнэтэй, Европын орнуудад үйлдвэрлэсэн хувцас, хамтран ажиллах гэрээний хөрөнгө оруулалт гэж 99.5, нөхрийнх нь нэр дээрх “Лексус-570” автомашиныг 150 сая төгрөгөөр тооцон Д.Тунгалагтамир авсан байна. Тэд уг нь нийлж, Баянгол дүүргийн нутаг, 10 дугаар хороололд үл хөдлөх хөрөнгө авч засаж, тохижуулан үйл ажиллагаа явуулахаар тохиролцсоноор уг мөнгө, автомашиныг Д.Тунгалагтамирт шилжүүлсэн гэнэ. Гэвч Д.Тунгалагтамир нь тухайн үл хөдлөх хөрөнгийг нууцаар өөр хүмүүст борлуулж, хамтран ажиллах бизнес нь талаар болсон аж. Тиймээс Д.Байгалмаа нар “Инвест капитал” ББСБ-ын захирал, бэргэн эгч Д.Тунгалагтамираас хөрөнгө оруулалтын мөнгө болон хувцасны төлбөрөө гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан байна. Шүүх иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлснээс хойш дөрвөн жил гаруйн хугацаанд элдэв шалтгаанаар 34 удаа хойшилж, товлогдсоор буй аж. Хариуцагч буюу иргэн Д.Тунгалагтамир болон өмгөөлөгч нар нь элдэв шалтаг тоочих бүрт шүүх хойшлуулсаар өнөөдөртэй золгожээ. Жишээлбэл, хариуцагч тал итгэмжлэгдсэн төлөөлөгчөө дөрөв, өмгөөлөгчөө зургаан удаа сольж, хэргийн материалтай танилцуулах хүсэлт гаргаснаар тухай бүр нь хойшилж байв. Хамгийн сүүлд гэхэд өмгөөлөгч Д.Оросоогоосоо больж, Наранбаатар гэх өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулахаар болсон учраас хэргийн материалтай танилцуулах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлт бичээд өнгөрсөн сарын 28-нд болох байсан хурлаа хойшлуулсан аж. Мөн эрүүл мэндийн шалтгаантай, гэрч зайлшгүй оролцуулах хүсэлтэй байна гэх мэт арга хэрэглэсээр байтал өнөөдөр иргэн Д.Байгалмаа, Л.Энхтүвшин нарын нэхэмжилж буй мөнгөний ханш унасаар байгаа юм.
Хамгийн гол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч нараа сольж болохгүй байх хязгаарлалтыг хуульд тусгаагүй нь башир аргатай хүмүүст олз болдог гэхэд хилсдэхгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхтэй, Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй 3000-аад өмгөөлөгч бий. Иргэний хэргийн хариуцагч тэднийг ээлжлэн сольж өөртөө эрх зүйн туслалцаа авна гэж хурал хойшлуулсаар байвал шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж чадахгүй нь мэдээж. Бараг иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нь тэтгэвэрт гарч байхад арай гэж нэг юм анхан шатны шүүхээс шийдвэр гарч байх магадлалтай.
“ШИНЬ ШИНЬ” БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛСНЫГ ТОГТООСОН Ч ШИЙДЭХГҮЙ НЬ
Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь холимог металлын “Улаан”-ы ордын 247А тусгай зөвшөөрөлтэй талбайд үйл ажиллагаа явуулдаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн хаягдлын сан буюу далангаас 2010 оны есдүгээр сараас хойш 10 гаруй жилийн хугацаанд химийн хорт бодис болох хүнцэл, хар тугалга, цайр зэрэг хорт бодисоор бохирлогдсон ус шүүрч, байгаль орчинд хохирол учруулж байгаа талаар “Өнөөдөр” сонин удаа дараа бичиж олон нийтийн сонорт хүргэж байсан. Үүний үр дүнд тус компанийнхан байгаль орчинд хохирол учруулсан гэж Экологийн цагдаагийн алба, прокурорын байгууллагаас дүгнэн энэ оны наймдугаар сард гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харамсалтай нь, тус шүүхэд хэрэг очсоноос хойш хэрхсэн нь тодорхойгүй хоёр сар өнгөрч байна. “Шинь шинь”-ийнхэн чанаргүй материал буюу плёнк ашиглаж хаягдлын далангаа хучсаны улмаас цоорч, газрын хэвлий, усны сан бүхий газар, гол, мөрний урсац бүрэлдэх эх газарт тархаж, хүний эрүүл мэнд, мал, амьтан, ургамал, тэдгээрийн үр удамд сөрөг нөлөө үзүүлэх, өвчин эмгэг үүсгэх, үхэл, мөхөлд хүргэх нөхцөл бүрдүүлчихээд буйг шинжээчид тогтоосон. Тиймээс прокурорын байгууллагаас дээрх компанийнханд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө байгаль орчныг бохирдуулж нийтдээ 672 652 394 төгрөгийн хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн 24.1-4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх чухам ямар шалтгаан, нөхцөлийн улмаас бүтэн хоёр сар өнгөрчихөөд байхад хурлаа зарлахгүй суугааг бид таашгүй.
“ЗАЛУУЧУУД” ТЕАТРЫН ДАРГЫН ГЭМ БУРУУГ ХЭЗЭЭ ДЭНСЛЭХ БОЛ
“Бодлын хулгайч”, “Тусгай ажиллагаа”, “Анирлагч”, “Үргээлэг-2”, “Давхар цагаан шугам”, “Хэрвээ нар жаргавал”, “Холион бантан” зэрэг уран сайхны кинонд ихэвчлэн сөрөг дүр бүтээсэн, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрын дарга, найруулагч А.Болорсүх албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдсон ч шүүх эцэслэн шийдэж чадахгүй, шүүгчийн ширээн дээр тоосонд дарагдсан хэргийн тоонд орчихоод буй. Тэрбээр 2017 онд тус театрт ажиллаж байгаагүй, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй хүнийг цахилгааны инженер гэх албан тушаалд томилж, мөн оны наймдугаар сар хүртэл 3.3 сая төгрөгийн цалин олгож давуу байдал бий болгосон, иргэн П.Отгонбаатараар төгөлдөр хуур хөглүүлж, төлбөрийг нь олгохын тулд концертмейстр гэх албан тушаалд томилж, 500 гаруй мянган төгрөгийн цалин олгоод хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан, “Модун” гэх хамтлагийг байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээнд оролцуулж, зардлыг нь төлөхийн тулд Х.Хашболд, Б.Мөнхтуул нарыг хөгжимчнөөр ажилд авч, 1.1 сая гаруй төгрөгийн цалин олгон, Төсвийн тухай хууль зөрчиж театртаа хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Уг хэргийг 2020 оны дөрөвдүгээр сард шүүх шийдэж, А.Болорсүхийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэм буруутайд тооцоод, нягтлан бодогчийг нь цагаатгасан аж. Хэрэгт хяналт тавьсан прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдсанаар анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болжээ. Ингээд 2020 оны аравдугаар сард анхан шатны шүүх рүү буцаасан хэргийг өнгөрсөн жилийн аравдугаар сард арайхийн хэлэлцэж, дахиад А.Болорсүхийг гэм буруутайд тооцоод, нягтлан бодогчийг нь цагаатгасан байна. Прокурор дахиад л эсэргүүцэл бичиж, энэ оны хоёрдугаар сард анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасны дагуу тавдугаар сард шүүх хурал товлосон байна. Гэвч хэргийн оролцогч буюу өмгөөлөгч, шүүгдэгч нар элдэв аргаар хойшлуулсаар энэ сарын 21-нд хэлэлцэх тов тогтоожээ.
ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛСОН ОХИД МЭДҮҮЛГЭЭСЭЭ БУЦЖЭЭ
М.Болдмаа, А.Ганцэцэг, Б.Алтанцэцэг, Б.Төгөлдөр нар хамтран 2017-2020 оны хооронд насанд хүрээгүй 15-16 настай нэр бүхий охидыг Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Саппоро” төв орчимд биеийг нь үнэлүүлж, олсон мөнгөнөөс нь “татвар” авахаас гадна Баянгол, Чингэлтэйн нутаг дахь нийтийн байранд орогнуулж, өөрсдөө хамт амьдран хяналтдаа байлгаж, “Санхүү авна” гэсэн зарыг цахим орчинд байршуулдаг байж. Улмаар зарынх нь дагуу харилцсан хүмүүстэй хаана, хэдэн төгрөгөөр биеийг нь үнэлэхийг тохиролцон унаагаар хүргэж өгч, зарим тохиолдолд охидыг зодож, эд хөрөнгийг нь авч байсан хэрэгт холбогдсон. НПГ-аас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны зургадугаар сарын 8-нд шилжүүлжээ. Гэвч шүүх дээр бүтэн жил гаруй болсны эцэст өнгөрсөн сарын 23, 24-нд хоёр хоног хэлэлцэж байж шийдвэр гаргасан аж. Шүүх хэргийн оролцогчдын элдэв шалтгийг үндэслэл болгон хурлаа хойшлуулснаар шүүгдэгч нар хохирогчдодоо нөлөөлөн мэдүүлгээсээ буцахад хүргэсэн гэхэд хилсдэхгүй нь. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч нар ар гэрийнхэн, өмгөөлөгч нарынхаа хамт өгсөн мэдүүлгээсээ буцаж, шүүхийн шинэчилсэн байцаалтын үед тэс өөр зүйл ярьцгаасан байна. Мэдээж шүүх дээр бүтэн жил гаруй болоход шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нар хохирогч хүүхдүүдийг, тэдний эцэг, эхийг “уяраах” арга хэмжээ авсан нь гарцаагүй. Тиймдээ л хүүхдүүд мэдүүлгээсээ буцаж, шүүгдэгч нарт прокуророос төлөвлөсөн хүн худалдсан гэх хүнд ялтай зүйл ангийг өөрчлүүлсэн биз. Хэрэв прокурорын зүйлчилснээр шүүх ял шийтгэсэн бол М.Болдмаа, А.Ганцэцэг, Б.Алтанцэцэг, Б.Төгөлдөр нар 12-20 жил, эсвэл бүх насаараа хоригдох ял сонсох байв. Харин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренчинхорол, П.Ариунболд, Л.Галбадар нарын бүрэлдэхүүн бүтэн жил гаруйн дараа уг хэргийг шийдэхдээ хүн худалдсан гэмт хэргийнх нь ялын зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 12.3-т заасан бэлгийн мөлжлөгт оруулсан гэм буруутайд тооцож, нээлттэй хорих байгууллагад 1-4 жил хорих ял шийтгэсэн байгаа юм. Шүүх дээр өмгөөлөгч, холбогдогч нар элдэв арга хэрэглэн хэрэг удаашруулсны үр дүн ийм байдлаар илэрхий болдог жишээ цөөнгүй.
ЗАЛИЛАГЧ НАРЫН МЭХЭНД ШҮҮГЧ НАР Ч УНАВ УУ
Амар хялбар аргаар мөнгө олох, ахиухан мөнгөтэй болох гэсэн хүмүүсийн шунал дээр залилагч нар тоглож, эд хөрөнгийг нь луйвардан авах тохиолдол огт буурахгүй байна. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлдэг ч хурал нь товлосон хугацаандаа болохгүй хойшлуулах тохиолдол элбэг. Жишээлбэл, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга байсан, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Наранмандах, түүний гэргий нарын үйлдсэн залилангийн хэрэг шүүхээр шийдэгдэхгүй нэлээд хугацаа өнгөрч байна. Бодвол оролцогчид, тэдний өмгөөлөгч нар нь шүүх, прокурорынхонд, хохирогч нарт элдэв шалтаг хэлэн хойшлуулж, хугацаа хожиж байгаа биз. Магадгүй хохирлыг чинь төлөх гэж байна, энэ удаа хурлаа хойшлуулж өгөөч гэх мэт арга саам боловсруулдаг биз.
Ганц тэдэнд холбогдох хэргээр тогтохгүй өөр мэхлэгч нар ч хэргээ ийм байдлаар удаашруулж байгаа аж. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Эрдэнэтуяа, Д.Солонго, Т.Мягмарсайхан, М.Элдэв-Очир, Х.Халиунаа, О.Сэлэнгэ, Д.Ангарагтуяа, Б.Ариунсэлэнгэ, Б.Маргад-Эрдэнэ, Н.Бямбацогт, Н.Эрдэнэбат, О.Мэнд-Амар, Ц.Мөнхсүх, Б.Болормаа нарт холбогдох хэргийг шийдвэрлэлгүй хоёр жил гурван сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тэд нийлж үл хөдлөх хөрөнгийн хуурамч гэрчилгээ гаргаж, “Капитал”, “Прогресс капитал”, “МТС финанс”, “Кинг капитал”, “Бэрс капитал”, “Даймонд очир”, “Тайкун”, “Про кредит ББСБ” зэрэг банк бус санхүүгийн байгууллага, “Капитрон” банк болон иргэдэд барьцаалан 20-100 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан авч, олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. Ингэхдээ хэргийн холбогдогч нар өөр хүмүүсийн нэр, бичиг баримтыг ашиглан зээл авч байсан аж. Уг хэргийг 2021 оны хоёрдугаар сарын 26-нд прокурорын байгууллага яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд оролцогчид нь бүгдээрээ нэг дор ирж цугладаггүйн улмаас хурал удаа дараа хойшилсоор байгаа аж. Залилагч нар элдэв баримт шүүхэд гаргаж өгч, шүүгч нар түүнд нь итгэж, мэхэнд нь унасаар байгаа гэхэд хилсдэхгүй.
Энэ мэтээр шүүгчийн ширээн дээр тоосонд дарагдсаар байгаа олон хэрэг бий. Хэрэг ийнхүү удааширч, шийдвэрлэгдэхгүй байгаа нь шүүхийн нэр хүнд иргэдийн дунд унахад хүргэж буй нэг шалтгаан билээ. Тиймээс хууль тогтоогчид, шүүхүүд, ШЕЗ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, өмгөөлөгч, прокурорууд хамтарч шүүхэд хэрэг удаашруулдаггүй байх гарц, гаргалгаа хайх хэрэгтэй болжээ. Өмгөөлөгч сольж байгаа нэрээр хэргийг удаашруулдаг шалтгааныг арилгахад хууль тогтоогчид анхаараасай.