Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын албан тушаалтан бусдаас хахууль авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Чойр өртөөний дарга Б.Төгсбаяр БНХАУ-ын иргэн Жан Юнзэ гэдэг хүнээс 142 сая гаруй төгрөгийн хахууль олон жил авсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн илрүүлэн шалгасан байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг “Эко хэлхээ” ХХК-ийн баяжуулсан жоншийг Улаанбаатар төмөр замаар 2018-2021 оны хооронд тээвэрлүүлэхдээ БНХАУ-ын иргэн нь Чойр өртөөний даргад иргэн З.Анхбаяраар зуучлуулан 2018 оны долдугаар сараас өнгөрсөн оны нэгдүгээр сар хүртэлх хугацаанд хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 114 гомдол, мэдээлэл шалгаснаас 14-т нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол, эрүүгийн 734 хэрэгт мөрдөн байцаалт ажиллагаа явуулж есийг нь шүүхэд шилжүүлэхээр НПГ-т хүргүүлсний дотор дээрх хэрэгт багтсан юм.