-Хөгжлийн банкнаас авсан зээл эхнэрийнх нь дансанд оржээ-
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг “Дарханы зам”-ын гэх хэрэгт шалгаж эхлээд, улмаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн АТГ-аас хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаатай албадан саатуулсан. Ийнхүү албадан саатуулсан хугацаа өнгөрсөн баасан гарагт дууссантай холбогдуулан НПГ-аас үргэлжлүүлэн цагдан хорих санал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Гэвч Ж.Бат-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч нар шүүгчээс татгалзсанаар дээрх шүүх маргааш буюу мягмар гарагт үргэлжлүүлэн хорих, эсэхийг хэлэлцэж шийдвэрлэхээр болов. Тэрбээр суллагдмагцаа твиттерт “Нуугаад байх хөрөнгө, бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө хууль журмынх нь дагуу ХОМ-т тусгасаар ирсэн” хэмээн бичсэн юм.
Ж.Бат-Эрдэнийн төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр өнгөрсөн баасан гарагт Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Түүнийг ахыгаа өмөөрч, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх рүү дайрч давшилж байна гэж олон нийт үзэж байсан ч бодит байдалд өөр үйл баримтыг АТГ-ынхан нарийвчлан шалгаж тогтоосонаж. Тодруулбал, “Хөгжлийн банкны” гэх хэргийг шалгах ажлын хүрээнд зээлдэгч “Капитал” банкны санхүүгийн баримтууд, тэндээс дамжуулан зээл авсан аж ахуйн нэгжүүдээр зээлийг нь төлүүлэх ажиллагаа эхлүүлээд байгаа юм. Энэ шалгалтаар “Капитал” банкныхан Хөгжлийн банкнаас 227.9 тэрбум төгрөг 92 аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлжээ. Түүнээс 54 тэрбум төгрөгөө аж ахуйн нэгжүүд төлөөгүй бөгөөд тэдгээрийн дотор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн зөвлөх, ШИНЭН-ын дэд дарга Г.Аюулгүйн авсан зээлүүд багтсан байна. Тэрбээр “Азийн бамбар” гэх компаниараа хоёр удаа 3-5.7, “Элит цамхаг” хэмээх компанийн нэрээр 3.9 шахам гээд нийт 12.6 тэрбум гаруй төгрөгийн зээл “Капитал” банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас авчээ. Уг зээлийг нь нарийвчлан шалгахад Г.Аюулгүйн компанийн авсан зээлүүдээс тодорхой хэмжээний мөнгө Ж.Батзандангийн эхнэрийн эзэмшлийн данс руу орсон нь ил болсон аж. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэн гэрчээр мэдүүлэг авч эхэлсэнтэй зэрэгцээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан элдэв зүйл ярьж, өөрийнхөө гэр бүлийн холбогдсон үйлдлийг ахаараа халхавчлах оролдлого хийсэн бололтой.