Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдын албан тушаалд томилогдсон Ж.Бат-Эрдэнийг ч шалгаж буй билээ. Шалгалтын явцад тэрбээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, мөрдөгчид шалгалтаа улам нарийвчилж эхэлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд өглөө. Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбарлав. Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшингийнхаа эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаатул хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж.