Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээний 16 дугаар хурал амжилттай үргэлжилж байна. Эхний өдрийн хуралдаанаар тус сүлжээний хурлын даргаар Монгол улсын БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын дарга, ЮНЕСКО-ийн Хүн ба Шим мандлын нөөц газрын Үндэсний хорооны дарга Д.Батмөнх сонгогджээ.
2024 он дуустал 2 жилийн хугацаанд тус албан тушаалыг хаших юм. Мөн дэд даргаар БНСУ, нарийн бичгийн даргаар Казакстан улс тус тус томилогдсон байна. Дашрамд дуулгахад Зүүн Азийн орнуудын Шим мандлын нөөц газруудын сүлжээнд нийт 7 улс (Казакстан, БНХАУ, БНСУ, БНАСУ, ОХУ, Япон, Монгол) хамрагддаг байна.