Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Ховд, Баян-Өлгий аймагт үргэлжилж байна. БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ-ийн албан даалгаврын хүрээнд Ховд голын сав газрын захиргааныхан Хар нуурын эрэг дагуу байрлах 88 нүхэн жорлонг өнөөдрөөс "Шинэ Ховд Жаргалант" ТҮК-тэй хамтран буулгах юм байна. Мөн Баян-Өлгий аймгийн Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид Орчны бүсийн Чигэртэйн голын ай савын БЦГ-ын Дэлүүн сумын Хар-Уул багийн Ганц модны гол дагуу байрлалтай 2 нүхэн жорлон, бохир усны цооногийг буулгаж, халдваргүйжүүлэлт хийж, “Шийдэл Аялал жуулчлалын бүтээмжийн төв” ТББ-ын дэмжлэгээр "Чигэртэйн голын ай савын БЦГ"-ын Ганц модны рашааны эхэнд Финланд улсын GT-330 загварын “Pikkuvihrea” брэндийн хоёр эко жорлонг байрлуулсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ. Эко жорлонг гол нуурын эргээс 200 метрээс 1 км орчим зайд байрлуулах стандарттай байдаг аж.