Цэргийн албанд татагдан үүргээ гүйцэтгэж байгаад цаг бусаар нас барсан явдал гарсаар байна. Увс аймаг дахь Хилийн 0245 дугаар ангийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байсан 19 настай байлдагч Б.С модноос боомилж нас барсан хэрэг өчигдөр гарлаа. Хөвсгөл аймгаас энэ оны I ээлжийн цэрэг татлагаар өнгөрсөн тавдугаар сард ирсэн тэрбээр чухам юунаас болж ийм алхам хийснийг тогтоохоор цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна. Байлдагч үхрээ хайхаар гараад холбоо барихгүй болохоор нь эрэл зохион байгуулахад ийм харамсалтай явдал болсон байж. ХЭҮК-оос эмхэтгэн боловсруулдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21 дэх илтгэлд цэргийн албанд хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотой цөөнгүй ноцтой баримт тусгасан байдаг. Тэнд 2019 онд хилийн цэргийн ангийн нэг байлдагч амиа хорлосон талаар дурдсан бөгөөд гэрчүүд нь “Цэргийн албанд хэрэггүй иржээ, ард амьдралаар амьдрах юм сан. Би ямар газар ирчих вэ, ард байхад эрх чөлөөтэй сайхан байжээ. Нуугаад яах вэ, үнэхээр шантарч байна” гэж ярьж байсан талаар дурдсан байдаг. Хилийн цэргийн анги салбарт 2021 онд нэлээд олон алба хаагч амиа алдсан байдаг. Тэдний дунд амиа хорлосон нь ч цөөнгүй. Энэ онд ч хил хамгаалах салбарын анги байгууллагад үүрэг гүйцэтгэж байсан цэргийн алба хаагч амиа хорлосон тохиолдол нэг бус болж байна. Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг болох ХХЕГ, ШШГЕГ-т хүний амь үрэгдэж байгаад салбарын сайд нь анхаарах цаг болсон юм биш үү.