Монголын үндэсний бөхийн холбоо, SPS телевизтэй хамтран ирэх сарын 3-наас эхлэн нэг жилийн хугацаанд үндэсний бөхийн “Алтан цом”-ын төлөөх багийн цуврал барилдааныг анх удаа зохион байгуулна. 650 сая төгрөгийн шагналын сантай барилдааны эхний шатны сугалаа өнгөрсөн долоо хоногт болсон. Сондгой тоотой саруудад болох энэ тэмцээнд аймаг, дүүргүүдийн шилдэг 32 баг оролцоно. Учраа таарсан багуудаас нэг бөх нь эсрэг багийнхаа зургаан бөхтэй барилдах юм. Хамгийн олон удаа давсан багийнхан дараагийн шатанд оролцоно. Хоёрдугаар шатанд оролцох 16 багийнхан дахин сугалаа сугалснаар найм нь шалгарч, тойргоор өрсөлдөх аж.