-Онгоцонд гарсан дутагдлуудыг нууцалсаар байгаад хүний амиар тоглох вий-
Дайны эрсдэлийн даатгал нэрээр мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлж байсан Ч.Хоролсүрэнгийн үүсгэн байгуулсан “Монголиан эйрвейс” ХХК-ийн эзэмшлийн “Eurocopter AS350” загварын JU-6888 дугаартай нисдэг тэрэг Төв аймгийн Аргалант сумын нутагт өнгөрсөн баасан гарагт осолдсон билээ. Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь нисдэг тэрэгний зогсоолд техникийн үзлэг, засвар, үйлчилгээ хийх хүмүүс зорчиж явсан, сэнс нь гацсанаас ослын буулт хийсэн хэмээн тухайн үед мэдээлэл өгч байсан. Бодит байдал дээр бол нөлөө бүхий дөрвөн хүн зорчиж явсан бөгөөд нисдэг тэрэгний хөдөлгүүр агаарт унтарч ажиллахаа больсноос осолдсон гэж нисэх салбар гадарладаг, тэнд ажилладаг олон хүн хэлж байна. Энэ осол гарахаас урьдчилан сэргийлэх боломж ИНЕГ, түүний нэгж болох Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба (НААХЗА)-ныханд байсан юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан ажил үүргээ зохих ёсоор биелүүлдэггүй, танил тал, хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэнд давуу байдлаар үйлчилдгээс болж “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг осолдсон гэхэд хилсдэхгүй нь. НААХЗА нь аюулгүй ажиллагааны удирдлагыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, гэрчилгээжсэн байгууллагуудын аюулгүй ажиллагааны тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, иргэний агаарын тээврийн үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагууд нисэхийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа, эсэхэд чиглэсэн мэргэжлийн хяналт, зохицуулалтыг гүйцэтгэх ёстой. Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, гэрчилгээг нь түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгох, нислэгийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавих, аюулгүй ажиллагааны урьдчилан сэргийлэх зөвлөмж, шаардлага боловсруулж хүргүүлэх, онцгой, тусгай үүргийн нислэгийн бэлтгэл ажлын болон нислэгийн явцад тогтмол хяналт тавих, нислэгийн үйл ажиллагааны холбогдох баримт бичгийг баталгаажуулах, зөвшөөрөл олгох, иргэний агаарын хөлгийг улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээ олгох, сунгах, бүртгэлээс хасах, агаарын хөлөгт нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, агаарын хөлөг, түүнд хамаарах эд ангийн ашиглалтын хугацааг сунгах, ашиглалтын журам, заавар, технологийн баримт бичгүүдийг баталгаажуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлдэг алба.
Гэвч тус албыг төдийгүй ИНЕГ-ыг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд нисгэгч, нисэхийн инженер мэргэжлийн хүн бус, эрх баригч намынхан, бизнесийн бүлэглэлийнхний “халаасны”, өөр мэргэжилтэй буюу нислэгийн удирдагч гэх ажил эрхэлдэг хүмүүс удирдах болсноор ийнхүү иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаа алдагдаж, олон хүний амь эрсдэж ч болзошгүй нөхцөл байдалд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, онгоцоо мэддэг хүмүүс бус, тэдний замыг чиглүүлж байдаг ажилтнууд ИНЕГ-ыг удирдаж буйтай холбоотой гэхэд хилсдэхгүй.
“Монголиан эйрвейс” ХХК-ийн өнгөрсөн бямба гарагт осолдсон нисдэг тэргийг гэхэд НААХЗА-ныхан, Техник үйлчилгээний хэлтсийнхэн нь хууль, дүрэм, журмын дагуу шалгаагүй, хэн нэгэн эрх мэдэлтэн утас цохисноор л нислэгт гаргах зөвшөөрөл олгосон байх магадлал өндөр юм билээ. Тэдэнд мэргэжлийн боловсон хүчин дутагдалтайгаас техник үйлчилгээний чанар муу, хяналтаа зохих ёсоор тавьж чадахгүйд хүрч буй гэнэ. НААХЗА-ныхан хууль, дүрэм, журмын дагуу үүргээ гүйцэтгэсэн бол “Монголиан эйрвейс” ХХК-ийн нисдэг тэрэг нислэгт гарах учиргүй байж. Бидэнд олдсон мэдээллээр тус компанийн хариуцсан захирал, инженерүүд ажлаасаа гарсан учраас агаарын хөлгийг нисгэх нь бүү хэл, үйл ажиллагааг нь ч түдгэлзүүлэх хэмжээнд очих байж. Гэвч ИНЕГ, түүний нэгж болох НААХЗА-ныхан энэ бүхнийг төдийгүй агаарын хөлгийн олон зөрчил, дутагдлыг хав дарсаар байна. Өдгөө тэд агаарын хөлөгт хяналт тавих мэргэжлийн боловсон хүчингүй болсноо хаацайлахын тулд 20 жилээс дээш хугацаагаар ашигласан онгоцыг Монгол Улсад нислэгт гаргахгүй байх стандарт тогтоохоор холбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн байх юм. Уг нь бол манайхны даган дуурайж буй АНУ-д гэхэд 1950-иад оны үеийн онгоцыг засвар, үйлчилгээг нь чанартай хийгээд ашигладаг, тэр нь Монгол Улсад ирж нислэг үйлдэж байгаад явсан баримт ч бий. Тэгэхээр төр, засаг, хариуцсан салбарын яам нь иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд шинэчлэл хийж, улс төрийн аль нэг нам, бизнесийн бүлэглэлийн эрх ашигт үйлчилдэг хүмүүсээ ч солих шаардлага тулгараад байна. Иргэний нисэхийн салбарт төрийн хяналт дутагдаж байгаа гэхэд хилсдэхгүй. Уг нь төр хянадаг бол Засгийн газраас МИАТ ХК-д олгосон татаасын зарцуулалтыг үр дүнтэй болгоод зогсохгүй агаарын тээврийн авиакомпаниудаар үйлчлүүлж буй иргэдийн аюулгүй байдлыг ч бодитоор хангана.
ОНГОЦНЫ ХӨДӨЛГҮҮРТ ДУТАГДАЛ ГАРСНААС ЕРӨНХИЙЛӨГЧ САМАРКАНДАД БАГАГҮЙ ХУГАЦААНД СААТЖЭЭ
НААХЗА-ныхан хариуцдаг техник үйлчилгээний чанар муу байгаагаас Монгол Улсын Ерөнхийлөгч, түүнийг дагалдан яваа албаны хүмүүсийг тээвэрлэсэн МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц Самаркандад багагүй хугацаанд саатжээ. Агаарын хөлгийг нислэгт гаргахад MMEL гэх шаардлага хангасан байх ёстой аж. Монгол Улсын Үндсэн хуулийн 36 дугаар зүйлд “Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна” гэж заасан. Төрийн тэргүүнийг гадаад улсад хүргэсэн тусгай үүргийн нислэгийн онгоцыг НААХЗА-ныхан сайтар шалгаж, онгоцонд нь ч хянагч инженер хамт явах учиртай юм билээ. Харамсалтай нь, тус албаныхан нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс онгоцонд дутагдал гарч. Тодруулбал, ШХАБ-ын хуралд оролцохоор Узбекистаны Самарканд хотод очсон МИАТ-ийн “Боинг” агаарын хөлгийн нэг мотороос масло гоожиж байж. Үүнийг нь Узбекистаны нисэх буудлын газрын үйлчилгээний албаныхан нь мэдэж, манай Төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангах үүднээс МИАТ-ийн агаарын хөлгийг нислэгт гаргахаас татгалзсан гэнэ. Айлчлалын багт багтсан хүмүүст ч учир байдлыг танилцуулж, тус улсын талынхан багагүй мөнгө авч МИАТ-ийн агаарын хөлөгт засвар, үйлчилгээ үзүүлээд нисэх зөвшөөрөл олгожээ. ШХАБ-ын уулзалт энэ сарын 15-16-нд дээрх хотод болоход манай Төрийн тэргүүнтэй хамт Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ч оролцсон. Уулзалт дуусаж бусад орны удирдагч нар нисэж байхад манай Ерөнхийлөгчийн сууж явсан үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ-ийн “Боинг 737” техникийн дутагдалтай хэмээн товлосон цагтаа хөөрөлгүй торойж хоцорсонд ИНЕГ-ынхны ажлаа зохих ёсоор хийж чаддаггүй явдал нөлөөлсөн гэхэд болно. Тиймээс Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт та өнөөдөр иргэний нисэхийн салбарынхантай уулзахдаа хариуцлагагүй байдлыг таслан зогсоох, мэргэжлийн бус хүмүүсийг зохих ажилд нь томилох талаар мэргэшсэн алба хаагчид юу ярьж байгааг сайтар сонсож, дүгнэлт хийж ажиллана биз ээ.
МИАТ-ийн “Боинг” онгоцны хөдөлгүүрт дутагдал гарсан тохиолдол богино хугацаанд давтагдаж байна. Улаанбаатараас ХБНГУ-ын Франкфурт хотыг чиглэн энэ сарын 12-нд ниссэн агаарын хөлгийн нэг хөдөлгүүрт дутагдал гарсны улмаас Хөвсгөл аймгийн нутгаас буцан ирж, нэлээд хугацаанд агаарт тойрон эргэлдэж байгаад бууж, засварт орсон билээ. Ингэхдээ түлшээ агаарт асгаж тойрч эргэлдсэнийг цахим мэдээллийн хэрэгслүүдэд тухайн үед бичиж байсан. Ийнхүү агаарын хөлгийн хөдөлгүүр ойр ойрхон доголдож байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй санагдана. Монгол Улсын Засгийн газар буюу ЗТХЯ, түүний харьяан дахь Нислэг техникийн осол, зөрчлийг шинжлэн шалгах албаа хараат бус байлгаж, мэргэжлийн хүмүүсийг ажиллуулахгүй бол агаарын хөлгийн осол, зөрчлийг нуун дарагдуулж, дүгнэлтээ хэн нэгэнд ашигтай байдлаар гаргасаар эцэстээ хэн ч хариуцлага хүлээхгүй өнгөрсөөр байх бололтой. Тус алба уг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гарсан иргэний агаарын хөлгийн осол, зөрчлийг шинжлэн шалгах үүрэгтэй, мэргэжлийн хүмүүс ажиллах ёстой байгууллага ч дарга нь гэхэд нөгөө л нислэг, хөдөлгөөний удирдагч байдаг гэлцэх. Эл албаныхан осол, зөрчлийн шалтгаан нөхцөлийг бодитоор дүгнэдэг, эсэхийг иргэд төдийлөн мэдэхгүй өдий хүрч байгаад ч Засгийн газар анхаарах биз ээ. Цаашид бид ИНЕГ, төрийн өмчит МИАТ ХК, “Монголиан эйрвейс” ХХК-д гарсан ч нуун дарагдуулж өнгөрсөн хэд хэдэн ноцтой зөрчлийн талаар мэдээлэх болно.
Үргэлжлэл бий.