-“Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид дунд нэг ч прокурор байхгүй-
Хүнсний ногоо тарих, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК-ийнхан 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Нэмэх даатгал” нэрээр иргэдийн мөнгийг татан төвлөрүүлж байсан билээ. Залилан мэхлэх гэмт хэргийн нэг хэлбэр болох пирамид болон понзи схемээр, өндөр өгөөж амлан иргэдээс мөнгө татаж буй луйврын шинжтэй эл үйлдэлд иргэд олноороо хохирч болзошгүй байгаа тухай холбогдох байгууллагынхан сэрэмжлүүлж байв. Гэвч цөөнгүй иргэн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа хөтлөгдөн дугаарлан зогсож байгаад тус компанийнханд хөрөнгө оруулсан гэдэг. Сануулж, сэрэмжлүүлсээр байтал өөрсдөө сайн дураараа мөнгөө залилагчдад өгч эд хөрөнгөө алдчихаад буй “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид өчигдөр Төрийн ордон болон АТГ-ын гадна очиж шаардлага хүргүүлэв. “Байр, машин, өөрт байгаа бүх л хөрөнгөө зарж “Бэлтэс мөрөн”-д мөнгөө оруулсан иргэд өнөөдөр орох газаргүй болж, майханд амьдарч байна. Хагалгаанд орох гэж байсан мөнгөө өгөөд авч чадаагүйгээс болж нас барсан хүн ч бий. 2500 гаруй иргэн залилуулж, 250 тэрбум төгрөгөөр хохирсны 150 гаруй нь АТГ-т өргөдөл өгч, тус компанитай холбоотой этгээдүүдийг шалгуулах хүсэлт гаргаж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үйл ажиллагаанд анхнаас нь хяналт тавиагүй орон нутаг дахь төрийн албан хаагчдын илт буруутай үйл ажиллагаанаас болж иргэд хохирсон. Засаг дарга болон түүний Тамгын газрынхан, татварын, бүртгэлийн байгууллагын ажилтан, аудитынхан, цагдаа хүчнийхэн “Бэлтэс мөрөн” компанийн ашиг сонирхолд нийцүүлж, увайгүй загнан, үгсэн хуйвалдсан байж болзошгүй. Тус компаниас болж хохирсон иргэдийн хэргийг хэсэгчлэн шүүх рүү шилжүүлж, гарсан шийдвэрийн дагуу өмчийг битүүмжлэх, шүүхийн процессыг дуусахыг хүлээвэл урт хугацаа зарцуулах учир төр энэ хохирлыг түрүүлж барагдуулах ёстой” гэж хохирогчдын төлөөлөл ярьж байсан юм.
Олон нийтийн сүлжээнд “Хөвсгөл аймгийн зарим удирдлага, тэндхийн цагдаа, прокурорууд нь хүртэл “Бэлтэс мөрөн”-дөө мөнгө хийгээд залилуулсан” хэмээн бичиж байна. “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж буй юм. Прокурорын байгууллагынхнаас хохирогчид дунд нь цагдаа, прокурорын ажилтнууд бий, эсэхийг тодруулахад “Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокуроруудаас эл хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүн байхгүй” гэсэн мэдээлэл өгөв.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас өчигдөр дээрх компанийн удирдлагад холбогдох хэргийн талаар мэдээлэл өгөв. МБА-ны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан “Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан “Бэлтэс мөрөн” компани нь иргэдээс мөнгийг нь өсгөж өгнө гэж 15-100 хувийн хүүтэй мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 24-нд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл ангид зааснаар хэрэг нээсэн. ЦЕГ-ын тэргүүн дэд даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан МБА-наас 20-иод мөрдөгч, орон нутгийн 20 орчим гээд нийт 40 гаруй мөрдөгч тус компанийн удирдлагад холбогдох хэргийг шалгаж байна. Улмаар “Бэлтэс мөрөн” компанийн үйл ажиллагааг зогсоож холбогдох шалгалтыг хийж, тавдугаар сарын 9-нд тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Шалгалтын явцад нийт 15 мянга орчим иргэнээс мөнгө татан төвлөрүүлж, 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1600 хүнийг иргэний хариуцагчаар татан шалгаж буй. “Бэлтэс мөрөн” компанийн албан тушаалтнуудын нэр дээрх 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр битүүмжилж, хураан авсан. Иргэний хариуцагч 1600 хүнээс 12.1 тэрбум төгрөг буцаан авч, хохирол барагдуулах боломжтой нь шалгалтаар тогтоогдож байна. Ажлын хэсгийн мөрдөн байцаагчид хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байгаа” гэв. Анхааруулж, сануулсаар байхад “Бэлтэс мөрөн”-гийн удирдлагад мөнгөө өгч залилуулсан хохирогчид мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийн тулд АТГ, Төрийн ордны гадна жагсаж, татвар төлөгчдийн мөнгөөр хохирлоо барагдуулахыг шаардаж буй нь зохисгүй юм.