БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадамд нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг эзэлж, уг их наадамд 13 дахь удаагаа тэргүүлсэн бахархам амжилт үзүүллээ. Монголын бүх ард түмний спортын 15 дугаар их наадмын шигшээ тэмцээн 2022 оны 9 дүгээр сарын 9-нөөс 18-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгууллагддаг энэхүү наадамд зуны олимийн 20, паралимпийн 3, дифилимпийн 2 буюу спортын 25 төрлөөр өрсөлддөг бөгөөд энэ удаа манай орны 21 аймаг, 9 дүүрэг, Зэвсэгт хүчин, Онцгой байдал, хууль сахиулах байгууллагуудын спорт хороо, спортын клубүүдээс шигшээ тэмцээнд 4570 орчим тамирчид оролцсоноороо онцлог ажээ.
Энэ жилийн хувьд, Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг тамирчид Батлан хамгаалахын сайдын 2022 оны А/268 дугаар тушаалын дагуу спортын 13 төрлөөр амжилттай оролцсон ба уг наадмаас 56 алт, 38 мөнгө, 29 хүрэл медаль, нийт 123 медалийг хүртэж Тэргүүн байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн нь энэ билээ.
Ийнхүү Монголын бүх ард түмний спортын их наадмаас 13 дахь түрүүгээ авч, бахдам амжилтаа бататгасан БХЯ-ны харьяа Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны удирдлага, нийт тамирчдад Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг бэлгэдэн ерөөе.