Өнөөдөр Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр ба "Дэлхий дээрх амьдралыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа (Global cooperation protecting life on earth)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Одоогоос 35 жилийн өмнө аэрозоль, хөргөлтийн систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлорфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, нарны аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд үүнд хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан.
Өдгөө Тал-Улс орон болсон 198 орны үе үеийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгууллага, ард иргэдийн олон талт үзэл баримтлал болон олон улсын хамтын ажиллагаа хэр үр дүнтэй болохыг баталж, озон задалдаг бодисуудын үйлдвэрлэл, экспорт, импортыг үе шаттайгаар зогсоосоор байна. Өнөөгийн бидний амьдарч буй энэ цаг үед озоны давхарга эргэн нөхөгдөж байгаа нь хүн төрөлхтнийг нарны хэт ягаан туяанаас учрах арьсны хорт хавдар, нүдэнд цагаа унах болон дархлааг хамгаалах, экосистем нөхөн сэргэх боломжийг бидэнд дахин олгож, биднийг хамгаалсаар байна.
Мөн озон задалдаг химийн бодисын хэрэглээг хориглосноор уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, энэ зууны эцэс гэхэд дэлхийн дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэх аюулаас сэргийлж чадлаа. Хэрэв энэ үйл явдал тохиолдсон бол манай гаригийн сүйрэл болох байсан гэдгийг цохон тэмдэглэжээ.
Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр улс орнууд дараагийн 30 жилд гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээгээ 80 гаруй хувь бууруулж, тэдгээрийн оронд байгаль орчинд ээлтэй орлуулах бодис хэрэглэх үүрэг хүлээсэн байна.