Сербийн Белград хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд зодоглосон Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр өнгөрсөн жил Норвегийн Ослод болсон ДАШТ-ээс гардсан медалиа ийнхүү ихэрлүүлэв. Д.Отгонжаргал аваргын төлөө Токиогийн олимп, дэлхийн аварга, Японы тамирчин Юи Сүсакитай өрсөлдөж, ялагдсан юм. Жингийнхээ шилдэгтэй барилдаж, үзүүрлэсэн Д.Отгонжаргал дэлхийн дэвжээнээс эх орондоо мөнгөн медальтай ирсэн найм дахь эмэгтэй тамирчин боллоо.
Түүнчлэн 53 кг-д Азийн аваргын мөнгө, Иван Ярыгиний гран пригийн хошой хүрэл медальт, 2022 оны улсын аварга, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Хулан мөн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөө АНУ-ын тамирчин Доминик Пэрришт 2:4-өөр ялагдсан юм. Ардын багш З.Дүвчингийн удирдлагад хичээллэдэг тэрбээр дэлхийн аваргад анх удаа хүч сорьсон бөгөөд Монголын чөлөөт бөхийн тамирчдаас 23 дахь шагналтан болов.
Мөн 57 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл, Азийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин Э.Даваачимэг хагас шигшээд шалгарсан. Тэрбээр “Рио-2016” олимпын алт, Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга, АНУ-ын Хелен Марулист ялагдаж, хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ.