Сербийн Белград хотод ирэх амралтын өдрүүдэд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болно. Уг тэмцээнд оролцохоор Монголын шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ тус улсад хөл тавилаа. Эрэгтэйчүүдийн 52, эмэгтэйчүүдийн 33 дахь удаагийн эл тэмцээнд үндэсний шигшээ багийнхан ахлах дасгалжуулагч Ц.Баярсайхан, Т.Сүхбаатар, Б.Баяраа, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, ОУХМ Б.Батзориг, С.Мөнхдуулдах нарын удирдлагад хүч сорино. Манай тамирчдаас Ө.Батзул дэлхийн дэвжээнд тав, Э.Даваачимэг дөрөв, Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд гурав, ОУХМ М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганхуяг, Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар хоёр дахь удаагаа зодоглох нь. Бусад нь шилдгүүдтэй анх удаа хүч үзэх юм. Ташрамд дурдахад, Монголын эрэгтэй бөхчүүд 1963, эмэгтэйчүүд 2001 онд ДАШТ-д анх оролцжээ. Түүнээс хойш өдгөө долоон алт, 21 мөнгө, 41 хүрэл, нийт 69 медаль эх орондоо авчирчээ.