"Фантастик" продакшныхан "Өргөө" кинотеатраас уран бүтээлчдэд тулгадаг гэрээний нөхцөлийн талаар мэдээлэл хийсэн юм. Тус продакшны найруулагч Б.Тамир мэдээллийн эхэнд "Өргөө" кино театрынхны шаардсан гэрээний нөхцөлтэй бид санал нийлээгүй. Үндсэндээ тэд давуу эрх эдлэх гэсэн хандлага гаргадаг байсан. Энэ тал дээр бид өөрсдийн саналаа хэлж, тохиролцоод байна. Хуульд кино уран бүтээлээс олсон орлогын 50 хувийг уран бүтээлчид, 50 хувийг кинотеатрт олгоно гэж заасан. Гэтэл Өргөө кино театр 56.8 хувийг уран бүтээлчдээс авдаг байсан. Мөн "Сод Монгол"-ын бензин нэмээд 10 хувийг нь авна гээд бусад зардлаа тооцвол орлогынхоо 70 орчим хувийг бусдад зарцуулах нь уран бүтээлчдэд хүндрэлтэй байлаа. Тус кино театрыг бусад кинотеатртай адил байгаач гэдэг саналыг тавьсан юм. Ганцхан "Фантастик" продакшн биш, бүх уран бүтээлчидтэй энэ жишгээр гэрээ хийхээр болсонд баяртай байна" хэмээн онцолсон.
Түүнчлэн "Зура-I" бүтээлээ олны хүртээл болгохдоо нийгэмд нэлээд дорвитой дуугарахыг хичээсэн гэнэ. Харин "Зура-II-Цурам ажиллагаа" кино гарахад хоёр хоног үлдээд байна. Хүндхэн, нэлээд том сэдэв сонгож авсан учраас манай уран бүтээлчдэд нэлээд дарамт ирж буй. "Зура-I" киноны үйл явдлыг өөрсөдтэйгээ холбон бодож, мессеж бичиж буй талаар мэд хэлсэн юм. Хэрэв дарамт хэр хэмжээнээс хэтэрвэл хуулийн байгууллагад хандах гэнэ. Одоогоор ирж буй дарамт шахалтуудыг баримтжуулан ажиглаж байгаа гэнэ. Гэхдээ дарамтнаас айхгүй байна. Хийвэл хийсэн шиг, дуугарвал дуугарсан шиг хийе гэж бүтээлээ эхлүүлсэн гэлээ. Мөн энэ бүтээлээ бодит явдлаас сэдэвлээгүй, цэвэр уран сайхны бүтээл гэнэ. Нэмж хэлэхэд "Зура-I" киноны үйл явдал үргэлжлэхгүй гэв.
"Зура-II-Цурам ажиллагаа" киног тэрбум гаруй төгрөгийн өртгөөр бүтээсэн гэнэ. Мөн Сингапур, Малайз, Хонг Конг, Казахстаны уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Эдгээр гаднын уран бүтээлчид "Мулан" зэрэг холливуудын нэртэй бүтээлийг гаргаж байсан туршлагатай аж. Тиймээс бүтээлээ олон улсын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.