Иргэдийн сонгуулийн талаарх мэдлэг, ойлголт, боловсролыг дээшлүүлж, хариуцлагатай, хэрсүү сонгогч бэлтгэх нь дөрвөн жилд нэг удаа болдог “улс төрийн уралдаан”-ы үеэр л хөнддөг сэдэв гэхэд хилсдэхгүй. Уг нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, сургагч багш нарын үндэсний сүлжээ бий болгох, сургалтыг өргөн хүрээнд тогтмол явуулахын тулд төрийн зохих байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах эрх нь Сонгуулийн ерөнхий хорооных. Сургагч багш нар энэ сараас 21 аймаг, нийслэл дэх сонгуулийн насны иргэд, залууст сонгуулийн боловсрол олгох сургалтуудаа явуулж эхлэх юм байна. Аймаг, дүүрэг бүрт хоёр сургагч багш ажиллах бөгөөд тэд энэ сарын турш ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээл заахаар төлөвлөжээ.
Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, сургалт, судалгаа явуулах, сонгуулийн явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн сарын сүүлчээр сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулсан юм. Үүнийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр “Жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийн дагуу явуулсан. Уг сургалтад 21 аймаг, есөн дүүрэг дэх төрийн 62 албан хаагч хамрагдаж, сургагч багшийн гэрчилгээгээ аваад буй. Тэд сонгуулийн төв байгууллагаас бэлтгэсэн анхны сургагч багш нар бөгөөд сургалтаа сурагчдаас эхлүүлэх гэж байгаа нь энэ.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 15.1-т “Сонгуулийн ерөнхий хороо өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах Ажлын албатай байх бөгөөд түүний бүтэц, ажиллах журмыг Сонгуулийн ерөнхий хороо батална” хэмээн заасан. Үүнийг үндэслэн Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг (дүүрэг) хариуцсан төлөөлөгч, сургагч багшаар тэднийг томилсон аж. Улмаар Сонгуулийн ерөнхий хорооноос аймаг, дүүргүүдийн Засаг дарга, ИТХ-д албан тоот илгээж, өөрийн орон нутагт томилогдсон сургагч багш нартай хамтран ажиллахыг чиглэл болгожээ.
Бэлтгэсэн Б.Уран