БШУЯ энэ жил сургуулийн өмнөх боловсролд хамрагдах багачууд болон нэгдүгээр ангид элсэгчдийг цахимаар бүртгэж, хуваарилж байгаа нь технологийн хувьд тун чиг дэвшилтэй алхам болсон гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Харин зохион байгуулалт, гүйцэтгэлийн хувьд сайн байсан уу гэвэл үгүй. Нэг айлын хоёр хүүхдийг өөр өөр цэцэрлэгт хуваарилсан тохиолдол өчнөөн гарав. Цэцэрлэг хооронд шилжүүлэг хийлгэхийн тулд дээгүүр, доогуур өргөдөл барьж гүйсэн эцэг, эх хаа сайгүй. Сургуулийн өмнөх боловсролд хүүхдээ хамруулах хүсэлтээ амжилттай илгээсэн ч өнөөх нь биелээгүй, хүлээлгийн жагсаалтад “автоматаар” шилжсэн тохиолдол ч цөөнгүй. Хаяг, байршил нь тодорхойгүй, холбогдох байгууллагынхнаас асууж сураглаад ч “олдохгүй” газруудад зарим хүүхдийг хуваарилсан байна гэнэ. Хамран сургах тойргийн дагуу, гэртэй нь хамгийн ойр цэцэрлэгт хуваарилна гэсэн атлаа автобус унаа ч явдаггүй, хол газарт “нутаг заачихлаа” гэж гомдоллох эцэг, эх олон. Зарим цэцэрлэгийн эрхлэгч хүүхдээ бүртгүүлэхээр очсон ээж, аавуудыг “Ангиуд цөм дүүрчихсэн. Хуваарилалтын алдаа гарсан байх. Хүлээж авахгүй” гээд хөөж байна гэх. Ерөөсөө цэцэрлэгийн хуваарилалттай холбоотой энэ мэт хөгтэй, бүтэлгүй жишээ үй олон.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан одоогийн албан тушаалд томилогдсон цагаасаа эхлээд “Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулна. Ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдгийг болиулна. Цэцэрлэгийн насны нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй” гэж ярьсан. Улмаар өнгөрсөн оны дөрөвдүгээр сард УИХ-ын дарга Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаснаар БШУЯ, Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар зэрэг холбогдох байгууллагынханд энэ ажлыг эрчимтэй хэрэгжүүлэх “үүрэг” ногдсон юм. Гэтэл тэд үүнээс хойш ажиг сураггүй, амралтын байдалтай байснаа хичээлийн шинэ жил эхлэх дөхмөгц гэнэт л цэцэрлэг, сургууль байгуулах боломжит газар, барилга, байгууламжийн эрэлд гарцгаасан. Дээрх газрууд өнгөрсөн сард хэд хэдэн удаа мэдээлэл хийхдээ албан байгууллагууд дэргэдээ ясли байгуулах санаачилгад идэвхтэй нэгдэж буй, өөрийн эзэмшлийн барилга, байгууламжаа цэцэрлэг, сургуулийн зориулалтаар түрээслүүлэх, худалдах иргэд, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ, хэлцэл хийж эхэлсэн хэмээн иргэдэд итгэл найдвар төрүүлэхүйц, өөдрөг зүйл ярьсан. Өнгөрсөн даваа гарагт гэхэд “Нийслэлийн хэмжээнд 140 904 хүүхэд хамруулах цэцэрлэгийн хүчин чадал бий болголоо. Тодруулбал, үндсэн барилгад 124 244, түрээсийн байрт 124 244, байгууллагын цэцэрлэгт 2527 хүүхэд хуваарилах боломж бүрдсэн” гэсэн юм. Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 023 хүүхэд бий. Тэгвэл албаныхны ярьж буйгаас цэцэрлэгийн насны бараг бүх хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах нөхцөл хэдийн бүрдэж гэж ойлгогдохоор буй юм. Гэтэл бодит байдалд нэгдүгээр ээлжийн бүртгэлд хамрагдсан (111 115) хүүхдүүдээ ч цэцэрлэгт бүрэн багтааж чадахгүй байна. Дээрээс нь шинэ цэцэрлэг байгуулах, салбар нэгж нээн ажиллуулах нэрийдлээр эрүүл ахуй, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй, зориулалтын бус орчин бүхий “нүх” бэлдсээр байгаа нь харамсалтай.
Энэ салбарын сайд “Сугалаагаар бүртгэдэг тогтолцоог 100 хувь халлаа”, “Нэгдүгээр шатанд бүртгүүлсэн хүүхдүүдийг бүгдийг нь цэцэрлэгт хуваариллаа” хэмээн цахим сүлжээнд тувт өөрийгөө рекламдсаар байгаа. Гэвч үнэн хэрэгтээ хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй, дотоод засвар, тохижилт нь жигдрээгүй, хөндий гоймон шиг хоосон “байшинд” хуваарилагдсан хүүхэд өчнөөн байна. Тухайлбал, иргэн Н-ийн хүүхэд Хан-Уул дүүргийн III хорооны нутагт орших 28 дугаар цэцэрлэгт хуваарилагджээ. Улсын цэцэрлэгт анх удаа хүүхдээ хамруулахаар болсон залуу хос БШУЯ-наас илгээсэн зурваст дурдсаны дагуу товлосон өдөр нь гэрээ байгуулахаар өнөөх цэцэрлэгт очжээ. Гэтэл бүртгэлийн ажилтан “Төв цэцэрлэгийн ангиуд бүгд дүүрчихсэн. Таны охин клиник салбарт хуваарилагдсан. Тус салбарын барилгын ажил дуусаагүй учир хэсэг хугацаанд хүлээж таарах нь. Ашиглалтад оруулах цаад талын хугацаа нь аравдугаар сарын 1. Бүр боломгүй бол өөр салбар луу шилжүүлнэ” гэжээ. БШУЯ энэ жилээс тус цэцэрлэгийн дэргэд гурван салбар ажиллуулахаар болсон юм гэнэ. Тэдгээр нь бүгд ашиглалтад ороогүй, хичээлийн шинэ жилээр багачуудыг хүлээж авах боломжгүй аж. Гэтэл яамныхан 28 дугаар цэцэрлэгт хуваарилагдлаа гэсэн мессежээр эцэг, эхчүүдийг хуураад, баахан хүүхдийг хоосон байшинд нэр зоочихож. Ийм тохиолдол өчнөөн байна. Тэр ч бүү хэл, зарим хүүхдийг баригдаагүй цэцэрлэгт хуваарилсан явдал ч гарчээ. Ийнхүү “хана мөргөсөн” нэгэн аав “Сугалаагаар шодож цэцэрлэггүй хоцордгоос зарчмын хувьд ялгаагүй, байшин барьтал тэсээрэй гэсэн, найдвар төрүүлсэн мэх хийлээ” хэмээн бухимдав.
БШУЯ зарим хувийн цэцэрлэгт хувьсах зардал олгож, хүүхэд багачуудыг харьяаллын дагуу хуваарилахаар болсон. Энэ шийдвэрийн үр дүнд яамны ивээлд багтсан “Эрдэмт андууд” хэмээх хувийн цэцэрлэг эцэг, эхчүүдийг “үргээх” болжээ. Хүүхэд тоглуулах, салхилуулах талбай байтугай чөлөөтэй алхах боломжгүй шахам газарт авто замтай хаяа залган байрладаг гэнэ. Дотроо ч зай талбай нь давчуу, бас тав тухгүй аж. Иймд эцэг, эхчүүд тухайн цэцэрлэгт хүүхдээ явуулах, эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж, санал, гомдол гаргасаар байгаа юм билээ. Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг, Эрдэнэтолгойн 36 дугаар гудамжинд байрлах уг цэцэрлэгт хүүхэд нь хуваарилагдсан нэгэн ээж “Цэцэрлэгтэй болсон нь их юм, юутай ч хүүхдээ бүртгүүлье гээд очоод гаднаас нь буцлаа. Хүүхдэд ээлгүй орчинтой ийм газрыг цэцэрлэгийн шалгуурт тэнцүүлээд, хуваарилалт хийснийг салбарын сайд нь лав мэдээгүй байх. Арай ч дээ” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны багачуудыг цэцэрлэгт хамруулахын тулд 124 дүгээр сургуулийн талбайд баахан гэр барьж, тохижуулж эхэлжээ. Энэ нь 158 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг гэнэ. Хан-Уул дүүргийн III хорооны нутаг, Гурвалжингийн гүүрний урд байрлах “Дэлгэрэх” хотхонд талбай түрээслэх байдлаар байгуулж буй цэцэрлэгийн орчин нөхцөлийг ч иргэд голж, шүүмжилсээр.
Сургуулиудын хувьд ч ялгаагүй, ийм хөгтэй жишээ байна. БШУЯ-ныхан өнгөрсөн сарын 20-доор мэдээлэл хийхдээ “Гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургууль байгаагаас 14-т нь нэмэлт зохицуулалт хийж байгаа” гэсэн юм. Тэгвэл энд дурдсан нэмэлт зохицуулалт гэдэгт орон сууцын подвал, монгол гэрийг сургалтын зориулалтаар ашиглах, цахимаар хичээллэх зэрэг арга хэмжээ багтсан бололтой. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийнхан байрандаа багтаж шингэх аргагүйд хүрсэн учир зарим анги, бүлгийг цахим болон танхимаар ээлжлэн хичээллүүлэхээр болжээ. Түрээсийн зориулалтаар ашиглах байр олдохгүй байгаа аж. Баянгол дүүргийн нэгэн сургууль орон сууцын подвалыг сургалтын танхим болгож тохижуулж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тэрбээр “Манай охины сургуулийн нэгдүгээр анги л гэхэд өмнө нь 7-8 бүлэгтэй байсан бол одоо 17, 18 болсон. Сурагчдаа багтааж чадахгүй болсон учир орон сууцын подвал ашиглахаар тохижуулж байгаа гэсэн. Зарим сургууль монгол гэрийг “бөөрөөр нь” нийлүүлж бариад, ашиглаж буй юм билээ” хэмээн ярилаа.
Энэ бүгдээс харахад БШУЯ, Боловсролын ерөнхий газрынхан Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг хэрэгжүүлэх гэж холион бантан хутгаж байна. “Гурван ээлжээр хичээллэдгийг болиулна, гэртээ цоожлогддог багачуудыг цэцэрлэгтэй болгоно” гэсэн амлалтдаа хүрэхийн төлөө, зорилтоо биелүүлсэн мэт харагдахын тулд хүүхдүүдийг ашиглалтад оруулаагүй, засвар, тохижилт нь дуусаагүй, эхлээ ч үгүй хоосон барилгад хуваарилж, заримыг нь шаардлага хангахгүй газарт хичээллүүлэхээр зохицуулалт хийжээ. Хамгийн хачирхалтай нь, албаны хүмүүс “140 мянга гаруй хүүхэд хамруулах цэцэрлэгийн хүчин чадал бий болголоо” гэж өнгөн дээрээ сайн сайхныг ярьж буй атлаа цаагуураа подвал, гэр мэтхэнтэй зууралдсаар. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар ашиглах байр хайсан хэвээр. Өчигдөр гэхэд БОАЖ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийнхэн Хан-Уул дүүргийн IV хорооны нутаг, Арцатын болон Хүүшийн аман дахь орон сууцын хорооллуудад ийм зорилгоор ажиллаж, боломжит байршлуудтай танилцсан гэх. Нэгэнт бүх хүүхдийг багтаах хүчин чадалтай барилга, байгууламж “олчихсон” юм бол яагаад шинийг эрээд байна вэ. Магадгүй тэд барилга, байгууламж түрээслүүлэх, худалдах иргэд, аж ахуйн нэгжүүдтэй эцсийн байдлаар гэрээ хэлцэл хийгээгүй, боломжит байршлуудынхаа судалгаанд тулгуурлан ийм зохиомол тоо гаргасан байх гэсэн хардлага эрхгүй төрөв.
Сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламжийг онцгой объектод тооцдог. Барилгын хийц, цэвэр, бохир усны шугам хоолой, дулаан болон цахилгааны хангамж, холбоо дохиолол, галын аюулгүй байдал зэргийг нь хүртэл тусгай стандарт, шаардлагын дагуу төлөвлөдөг юм билээ. Нэг хүүхдэд ногдох зай талбайн хэмжээг хүртэл харгалзаж, агаарын солилцоо, чийгшлийг нь бодолцон, дотоод засал, тохижилт хийхдээ хүүхдэд ээлтэй барилгын материал сонгодог жишиг бий. Гэтэл манайх орон сууцын давхар, авто зам дагуух худалдаа, үйлчилгээний зориулалттай барилга, сургуулийн спортын талбай, гэр гээд хаа таарсан газраа, юу дуртайгаа сургууль, цэцэрлэг болгон хувиргаж байна. Үүнээс болоод зарим цэцэрлэг, сургууль хүүхэд харах үйлчилгээний газар, өдөр өнжүүлэх төвөөс ялгаагүй боллоо. Түүнчлэн засвар, тохижилтын ажлыг цагийг нь тулган хийж, сурагчдыг будаг, эмульс ханхалсан өрөөнд угтаж, эрүүл мэндэд нь заналхийлсэн хэвээр.
Бэлтгэсэн Н.Буян