Тамирчны замнал болон хувийн амьдрал нь асар хүнд байдалд орсон сүүлийн хоёр жилийг тун хүнд үе байсан хэмээн “Лос-Анжелес клипперс” багийн холбон тоглогч Ж.Уолл өгүүлжээ. “Сүүлийн хоёр жил гаруйн хугацаа бол миний амьдралын хамгийн хүнд үе. Надад амиа хорлох тухай бодол ч төрж байсан. Ахиллийн шөрмөсөө гэмтээсэн, ээж хүндээр өвдөж шаналсны эцэст нас барсан, жилийн дараа эмээ минь өөд болсон. Энэ бүхэн цар тахал ид үргэлжилж байхад тохиосон. Би ээжийг химийн эмчилгээнд ороход нь хамт байж, эцсийн амьсгалаа хураахад дэргэд нь сууж байлаа. Би нэг л хувцсаа гурван өдөр дараалан өмсөж, буйдан дээр суугаад уйлахаас өөр юу ч хийгээгүй” хэмээн Ж.Уолл ярьжээ.
“Хьюстон рокитс” баг залуу тоглогчдод боломж олгох үүднээс Ж.Уоллыг 2021-2022 оны улиралд талбайд огт гаргаагүй юм. Улмаар Ж.Уолл гэрээгээ худалдаж аваад, энэ зун “Клипперс” багт нэгдсэн билээ.