Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай анхны бие даасан хуулийг 2002 онд баталж, 2009 онд шинэчлэн найруулж, 2012, 2015, 2016 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Иймд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, шаардлагад нийцүүлэн чанаржуулах, багш, суралцагчийн мэргэжлийн ур чадвар, сургалтын байгууллагын бие даасан байдлыг дээшлүүлэх, цахим шилжилт, техник, технологийг нь шинэчлэх, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоонд шилжүүлэхийн тулд уг төслийг санаачилснаа сайд Л.Энх-Амгалан энэ үеэр танилцуулав. Төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулсан, Сангийн яам, МҮХАҮТ, МҮЭХ болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, төрийн болон хувийн өмчийн сургалтын байгууллагын удирдлага, судлаач, багшийн төлөөлөл бүхий ажлын хэсэг найман бүлэг, 33 зүйлтэйгээр боловсруулжээ. Уг хуулийг баталснаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн хэрэгцээнд нийцсэн, хөдөлмөрийн болон харилцааны соёлтой, олон улсад өрсөлдөх мэргэшлийн өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэшүүлэхэд ахиц, өөрчлөлт гарч, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байгаа гэнэ.
Сайд Л.Энх-Амгалан төслөө өргөн барьсны дараа хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд “Дээд болон мэргэжлийн боловсролын тогтолцоонд маш том гажуудал үүссэн. Товчхондоо, дээд боловсролын тогтолцоо нь мэргэжлийн боловсролоо залгиж, улс орны хөгжих боломжийг хомс болголоо. Мэргэжлийн болон техникийн сургууль төгсөгчид шууд ажлын байртай болж байна. Тиймээс мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог дээд боловсролтой уялдуулах ёстой. Цаашдаа үнэлгээнд суурилсан санхүүжилт бий болгоно. Багш нарын ур чадвар, цалин хөлсөнд ч анхаарна. МСҮТ-д 2.5 жил суралцсан бол их сургуулийг заавал дөрвөн жилээр төгсөх шаардлагагүй. Хэрэгцээтэй кредитээ тооцуулаад 1.5-2 жил суралцаад төгсөх боломжтой” гэв.