Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн XV хуралдаан өнөөдөр боллоо. Энэ үеэр “Нийслэлийн хөгжлийн 2023 оны төлөвлөгөө”-г танилцуулав. Тодруулбал, 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 22 байршилд цэцэрлэгийн зориулалтаар байр худалдан авах, 131 байршилд байр түрээслэх зарчмаар хамран сургалтыг нэмэгдүүлэхээр тусгасан байна. Түүнчлэн ЕБС-ийн сурагчдыг гэмт хэрэг, осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр, сургуулийн хооронд аюулгүй тээвэрлэх болон түгжрэлийг бууруулах зорилгоор техникийн шаардлага хангасан 75 автобусаар 56 сургуульд үйлчлэхээр төлөвлөж буй юм.
Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлж, газар зохион байгуулалтыг шинэчлэн, хот байгуулалтад ухаалаг технологи нэвтрүүлэх зорилгоор 123 төсөл, арга хэмжээг төлөвлөжээ. Тухайлбал, “Дэнжийн мянга” дэд төвийн дулааны цахилгаан станцын ажлыг эхлүүлж, 15 байршилд гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтыг үргэлжлүүлэх аж. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын хэсэгт гэр хорооллын дахин төлөвлөлт, орлогод нийцсэн ногоон, эко орон сууцуудыг барьж, ашиглалтад оруулах ажлыг ч мөн тусгажээ.
Улаанбаатар хотын нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал болох түгжрэлийг бууруулах чиглэлээр 29 төсөл, арга хэмжээг төлөвлөөд байна. Түгжрэлийг бууруулах зорилгоор явган хүний замыг шинэчлэх засах, шинээр авто замын барилга, байгууламж барих, нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх зэрэг ажлуудыг нийслэлийн зүгээс хийж, хэрэгжүүлж байгаа. Тэгвэл ирэх онд ч мөн уг бодлого, ажлыг хэрэгжүүлж, нийт 10.2 км авто зам, 1150.6 метр гүүрийг үргэлжлүүлэн барих юм. Мөн олон улсын стандартын дагуу 18 байршилд уулзваруудыг дахин төлөвлөж, инженерчлэхээр төлөвлөжээ.