Нэгдүгээр ангид элсэж буй хүүхдүүдэд зориулж болон элэгдэж, хуучирч, ашиглалтын шаардлага хангахаа больсон сурах бичгүүдийг нөхөх зорилгоор жил бүр тодорхой тооны номыг шинэчилдэг. Улсын хэмжээнд энэ жил 143 нэр, төрлийн 2.3 сая орчим сурах бичиг нөхөн хэвлэжээ. Тухайлбал, бага ангийн 35 нэр, төрлийн нийт 1.2 сая ном хэвлэж, түгээж эхэлсэн байна. Мөн дунд ангийнхны 102 нэр, төрлийн нэг сая гаруй сурах бичгийг нөхөн хэвлэсэн аж. Түүнчлэн боловсролын хүртээмжийг сайжруулах арга хэмжээний хүрээнд хараа, сонсголын хөгжлийн бэрхшээлтэй болон казах, тува хэлтэй хүүхдүүдэд зориулж зургаан нэр, төрлийн 15 000 сурах бичгийг шинээр гаргасан гэнэ. Сурагчид сургуулийнхаа номын сангаар дамжуулан сурах бичгийг түрээсийн журмаар авч, тухайн хичээлийн жилд ашиглаад, буцаан өгдөг билээ.
Бэлтгэсэн М.Оч