Нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтан ногоон байгууламж цэвэрлэх, зэрлэг ургамал зулгаах, хадах ажлыг хийлгэж эхэлжээ.
Тодруулбал улсын хэмжээнд 2022 оны наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, нэгжүүд тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргын тамгын газартай хамтран нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн ялтнаар нийтийн эзэмшлийн болон авто замын дагуух ногоон байгууламжийг цэвэрлүүлж, зэрлэг ургамлыг зулгааж, хадах ажлыг эхлүүлсэн байна.
Тус ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөөг дээшлүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зохион байгуулж байгаа аж.
Тус ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг ногоон байгууламжийг дэмжих, иргэдийн эрүүл мэндэд ээлтэй орчинг бүрдүүлэх ажилд санаачилга гарган оролцохыг уриалж байна гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мэдээллээ.