Серби улсын Белград хотод ирэх сарын 6-18-нд болох чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай 20 бөх зодоглох юм. Тэд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, Ц.Цогтбаяр, Б.Батзориг нарын удирдлагад оролцоно. Манай тамирчид Орхон аймаг дахь “Сэлэнгэ” амралтын баазад бэлтгэл хийж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар тэдний бэлтгэл сургуулилалттай танилцан, багийн хурал хийж, тамирчин, дасгалжуулагч нартай гэрээ байгуулжээ. Тус баазад тамирчид гурван долоо хоног бэлтгэл базаана. Үүний дараа “Эко” баазад бэлтгэлээ үргэлжлүүлэх юм. ДАШТ-д эрэгтэйчүүдийн төрөлд жин тус бүрийн шилдэг найман бөх хэсгээ тэргүүлнэ. Монголоос 97 кг-ын жинд ОУХМ Ө.Батзул, 125 кг-д М.Лхагвагэрэл нар дэлхийн чансаанд IV байрт бичигдсэнээр хэсгээ ахалж барилдах нь.