Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй билээ. Үүнтэй холбогдуулан япон залуус монголчуудын дунд нэгэн судалгаа хийжээ. Монгол залуус Япон Улсын талаар хэр сайн мэддэг, сонирхдог болохыг уг судалгаагаар тодруулахыг зорьсон байна. Өнгөрсөн зургадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 10-ны хооронд буюу сар гаруйн хугацаанд уг судалгааг хийсэн бөгөөд их, дээд сургуулийн бакалавр болон магистрын хөтөлбөрийн, 17-30 насны нийт 310 оюутан, залуусыг оролцуулжээ. Судалгаанд оролцогчдын хүйсийн харьцааг авч үзвэл эмэгтэйчүүд 55, эрэгтэйчүүд 45 хувийг эзэлсэн аж. Монгол залуучуудаас Японы юу нь сэтгэл татдагийг асуухад соёлын бүтээгдэхүүн, тэр дундаа аниме, мангаг онцолжээ. Мөн гадаад улс руу аялах хүсэлтэй оюутнуудын 90 гаруй хувь нь Японыг зорих сонирхолтойгоо илэрхийлжээ. Үндсэндээ монгол залуучууд Япон оронтой танилцах, аялах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байгааг тогтоосон аж. Гэвч залуучуудад санхүүгийн болон хэлний мэдлэг дутагдах зэрэг асуудал хамгийн их тулгардаг гэнэ. Уг асуудлыг шийдвэрлэх арга замын талаар тэднээс тодруулахад хэл, санхүүгийн дэмжлэг, Япон орны талаар сурталчлах гэсэн гурван санал дэвшүүлжээ. Мөн хоёр улсын хооронд зорчих зардлын үнийг бууруулах тухай санал солилцож, бодитой үр дүнд хүрэх нь эерэг нөлөөтэй хэмээн дүгнэсэн байна.Түүнчлэн монгол залуучууд Японы уламжлалт соёлыг төдийлөн сайн мэдэхгүй байгаа нь судалгааны үр дүнгээс харагдсан тул кабүки, цайны соёлын арга хэмжээг сурталчлах нь зүйтэй гэж үзжээ.
Бэлтгэсэн А.Түмэн-Өлзий