Хэдхэн хоногийн дараа хичээлийн шинэ жил эхэлнэ. Хэн хүнгүй завгүй өдрүүд үргэлжилж байна. Ялангуяа боловсролын салбарынхан тун завгүй байгаа бололтой. Хичээл сургуулийн бэлтгэл ажлын талаар харьяа яам болон Боловсролын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газрын дарга удирдлагаас тодруулах гэсэн боловч чадсангүй. Зуны гурван сар амарч зугаалж, найрлаж наадамлаж явсаар өдийд бүгд ухаан орсон мэт аашилдаг нь бидний гэм биш зан болсон хойно. Цэцэрлэг, сургуулийн байр, анги засвар, цэвэрлэгээ, хүүхдүүдийн бүртгэл, шилжилт хөдөлгөөн, сурах бичгийн хүртээмж, анги танхимын хүрэлцээ гээд л шинэ хичээлийн жилийг угтсан ажил өрнүүн. Хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх нь тодорхойгоос хойш ингэж бүгдийг бөөгнүүлж, иргэдийг бухимдуулах хэрэг юун. Жил бүрийн өдийд сургууль, цэцэрлэгийн засвар дуусаагүй, будаг нь хатаагүй, сурагчдын бүртгэл хэл ам дагуулдаг нь хэвээрээ.
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 750 мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцах аж. Жил бүр 40 мянга орчим хүүхэд сургуулиа төгсдөг бол нэгдүгээр ангид элсэгчийн тоо 80 орчим мянгад хүрч буй. Нийслэлийг бараадсан иргэдийн шилжилт хөдөлгөөн болон хүн амын өсөлттэй холбоотойгоор шинэ сурагчдын “арми” хүрээгээ тэлсээр. Үүний улмаас Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 41 сургуульд ачаалал нэмэгдэж, сурагчид гурван ээлжээр хичээллэхээс өөр аргагүйд хүрсэн гэнэ. Үүнийг зохицуулахаар албаны хүмүүс ажиллаж буйг УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны уржигдрын хуралдааны үеэр салбарын сайд Л.Энх-Амгалан хэлсэн. Тодруулбал, ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид энэ жил 78 мянга гаруй сурагч элсэх бөгөөд бүртгэлийг нээлттэй, ид тод байлгах, гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургуулийг өргөтгөл, түрээс хэлбэрээр хоёр ээлжид оруулах зэргээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж буй талаар мэдээлсэн юм. Мөн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтыг энэ онд багасгасан нь хүндрэл учруулж буйг онцолсон. Тухайлбал, 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 86 барилгыг энэ онд ашиглалтад оруулах бол 60 хувиас дээш гүйцэтгэлтэйг ирэх онд дуусгах, нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэгийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгохоор ажиллаж буйгаа дурджээ. Үүнээс өмнө Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлэхдээ 12 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлж болзошгүйг дуулгаж байв. Одоогийн байдлаар ийм нөхцөлд орсон сургууль 12 биш, 41 болсон бололтой. Үүнийг зохицуулах арга хэмжээг хэрхэн авч буй болон хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэх талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч “завгүй” гэх хариулт өгсөн юм.
Ирэх сарын 1-нээс өмнө 36 сургууль, 37 цэцэрлэг, долоон дотуур байрыг ашиглалтад оруулах юм байна. Үүнээс нийслэлд 13 сургууль, 16 цэцэрлэг, таван сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулах аж. Үлдсэнийг нь орон нутагт барьжээ.
Нийт 3.4 сая иргэний 2.3 сая нь улсынхаа нийслэлд амьдарч буй. Тэр хэрээр сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал хөндөгддөг. Хот сургуульгүй, хөдөө сурагчгүй шахам байдалд хүрсэн шалтгаан нь бодлого боловсруулагчид, эрх мэдэлтнүүдийн шударга бус хуваарилалттай шууд холбоотой гэхэд хилсдэхгүй. Тухайн орон нутгийн хүн ам, сурагчдын тоонд тулгуурлахаас илүүтэй сонгогдсон тойргийнхондоо ая тал засах гэж ихээхэн хичээдгээс болж зарим аймаг, сум шаардлагагүй шахам сургууль, цэцэрлэгийн байртай болоод байна. Гэтэл нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн алслагдсан гэр хороололд сургууль, цэцэрлэг дутагдалтай хэвээр. Байр нь хуучирч, нурах дөхсөн, эрүүл ахуй, аюулгүй байдлын наад захын шаардлага хангахгүй, хүүхдэд ээлгүй сургууль цөөнгүй. Зарим нь ачааллаа дийлэхгүй, гурван ээлжээр хичээллэж, хүүхдүүдийг хохироосоор байгаа. Энэ тухай Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир “Эрүүл ахуйн шаардлага хангасан түрээсийн 19 байранд 9580 хүүхдийг шилжүүлж сургахаар болсон. Үлдсэн сургуулиудын асуудлыг өнөө, маргаашдаа шийдвэрлэнэ” хэмээн саяхан мэдээлсэн.
Улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх үүргийг Ерөнхий сайд холбогдох албаныханд өгсөн нь талаар болж байх шиг. Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн оны байдлаар 34 сургуульд 60 мянга орчим хүүхэд суралцжээ. Харин Баянзүрх дүүрэг 64 сургууль, 84 мянган суралцагчтай. Энэ нь нэг сургуульд ойролцоогоор 1300-1700 хүүхэд суралцаж байна гэсэн үг. Харин орон нутаг, тэр дундаа сумын сургуулиуд “эзэнгүй” шахам байгаа юм. Тодруулбал, орон нутагт нэг сургуульд дунджаар 500 орчим хүүхэд л сурч байгаа. Бараг сурагчгүй болж буй сумын сургуулиуд ч бийг албаныхан хүлээн зөвшөөрдөг. Тухайлбал, Завхан аймгийн Алдархаан сумын сургуульд 85, Хэнтийн Баянхутагийн ерөнхий боловсролын сургуульд 112 хүүхэд сурч буй бол Говь-Алтайн Тайшир сумын сургууль ердөө 117 сурагчтай. Ингээд бодохоор нэг ангид хэдэн хүүхэд сурч буй нь ойлгомжтой. Гэтэл нийслэлийн ихэнх сургуулийн нэг ангид 37-гоос олон хүүхэд суралцдаг.
Аймаг, сумын төвд залуусыг татах бодлого баримтлахгүй бол цэцэрлэг, сургууль төдийгүй суурингаараа “мартагдах” аюул ойрхон байна. Амьдрах таатай нөхцөлгүй, ажлын байргүй газар залуус очихгүй нь ойлгомжтой. Тухайлбал, улсын хэмжээнд 2962 багш дутагдаж буй талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн. Багш мэргэжлээр төгссөн залуусын олонх нь хотод ажиллах сонирхолтой байгааг ч онцолсон юм. Ийм байхад УИХ-ын гишүүд болон эрх бүхий хүмүүс ажил хийсэн нэрээр ард түмэнд үнэлэгдэх гэж “хүнгүй” газар хэдэн арван тэрбумын өртөгтэй байшин бариад яах билээ. “Сургууль, цэцэрлэг барьж өгнө” гэж амлаж, УИХ-д сонгогдсон гишүүн цөөнгүй. Тойргийнхноосоо сайн үнэлгээ авахын тулд тооцоо судалгаагүйгээр сургууль барьдаг нь ч нууц биш. Сурах сурагчгүй, багшлах боловсон хүчингүй байхад олон тэрбум төгрөгийг хөдөө хээр “царцааж” орхидог зангаа хэзээ засах вэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл төрөлх тосгондоо хэдэн тэрбумаар үнэлэгдэх сургууль барьсныг ч олон нийт шүүмжилсэн. 3000 орчим хүн амтай Бэрх тосгонд ерөнхий боловсролын сургууль байсаар атал дахин нэгийг барих нь үнэндээ илүүц байв. Энэ мэтээр хүн амын тоо, суралцагчдын бодит нөхцөлд үндэслээгүй, сонгуулийн “шоу” хийсээр байх уу. Орон нутагт үйлдвэр, үйлчилгээний газар байгуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулах гээд хийх ажил мундахгүй баймаар.
Сүхбаатар аймгийн Баруун-Уртад ажилладаг нэгэн багш орон нутагт нь тэр тусмаа сумдад багшийн хомсдол үүссэнийг учирласан. Үүний улмаас мэргэжлийн бус багш өөр хичээл заах тохиолдол цөөнгүй гэнэ. Гэтэл Баруун-Уртад ерөнхий боловсролын дөрвөн сургууль үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тавдахийг нь сургуулийг удахгүй ашиглалтад оруулах гэнэ. Барилгын ажил нь 80 орчим хувьтай үргэлжилж буй аж. Сэлэнгэ аймгийн залуу багш ч мөн ялгаагүй хөдөөд хүний нөөц дутагдалтай байгааг хэлсэн. Аймгийнх нь төвд долоон сургууль бий бол Мандал сумд ерөнхий боловсролын найман сургууль үйл ажиллагаа явуулдаг байна. Мандал сум нь газар тариалангийн бүс нутаг учраас хүн амаар аймгийн төвөөсөө илүү аж. Энэ хэрээр цэцэрлэг, сургуулийг хүртээмжтэй болгосон нь сайн хэрэг. Гэхдээ нийслэл, орон нутаг ялгаагүй эрэлт хэрэгцээнд үндэслэн хүүхэд хөгжүүлэх барилга байгууламж барихаас бус, өөрийн нутаг, сум, дүүрэг, тойрог гэдгээр түрээ барьж, асуудалд явцуу байдлаар хандмааргүй байна. Үүний хохирогч нь бидний ирээдүй болсон хүүхэд багачууд гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз.
Бэлтгэсэн Ч.Болортуяа