Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан зорилтын хэрэгжилтийг хангах “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн ажлын хэсгийн дарга БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржоор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн явц, дүйцүүлэн хамгаалах чиглэлээр хийх нөхөн сэргээлтийн бэлтгэл ажлыг шалгах чиглэлээр ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллахдаа Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, “Баян гол”–ын хэсэгт уул, уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдэж, хөндөгдсөн 120 га талбайг хуваарилан өгч, дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлыг энэ оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор гүйцэтгэн хүлээлгэн өгөх, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар, Засаг даргын тамгын газар, Заамар сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст үүрэг болгосон.
Дээрх аймаг, сумын нутаг дэвсгэрт ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтийн ажилтай танилцахад “Уулс Заамар” ХХК техник 70 га, биологи 65 га, “Монполимет” ХХК техник 10 га, биологи 10 га, “Бүрдэл майнинг” ХХК техник 16,5 га, биологи 14,2 га, “Платинум ланд” ХХК техник 5 га, биологи 10 га талбайд нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Мөн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг “Туулын тохойрол” гэх туул голын эрэг дагуух онцгой хамгаалалтын бүсэд техник хэрэгсэлтэй иргэд зөвшөөрөлгүй газар эзэмшиж, гэр кемп байгуулан хууль бусаар ашигт малтмал олборлож, ашигласан техник хэрэгслээ нүүлгэн зугтаасан гэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хууль бус үйл ажиллагаа явуулсан этгээдүүдийг эрэн сурвалжилж хэн болохыг тогтоох чиглэлээр шалгалтын ажиллагаа явуулж байна.