Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Банзрагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Ногоон хөгжил төсөл”-ийн нэгжийн дарга Я.Ариунзул нартай хамтран ажиллах санамж бичиг үзэглэж, Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ингэснээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд ногоон байгууламж нэмэгдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулахад тус төвөөс мэргэжил арга зүйн дэмжлэг авч, говийн бүсийн нөхцөлд ургах чадвар бүхий мод, бутны үр, тарьц, суулгац нийлүүлэх, олон улсын жишигт нийцсэн олон улсын сургалт судалгааны лаборатори, шинэ технологи, инноваци хөгжүүлэх, орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллана. “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төмөр замчин залуус өөрийн компанийн хэрэгжүүлж буй “Ногоон зам” төслийн хүрээнд төмөр замын трассын дагуу 16 сая ширхэг мод тарихаас “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 7,4 сая ширхэг мод тарих батламж гардаж авсан. Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь Цогтцэций өртөөний орчимд таван төрлийн 2000 гаруй мод суулгаж, ургалт 98 хувьтай байгаа бол ийнхүү Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын өнгөрсөн долоо хоногт төмөр замын байгууллагуудын удирдлагуудын хамт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвд ажиллах үеэрээ өгсөн үүрэг биелэлээ олж, бодит ажил болжээ.