Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман, “Tiger airways” агаарын тээврийн компанийн Удирдах захирал Хо Юэн Санг нарыг хүлээн авч уулзлаа. Талууд Сингапур Улсын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Хотын дарга Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн долоодугаар сард Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалыг Улаанбаатар хотод онцгой ач холбогдолтой байсан талаар онцлов. Тэрбээр айлчлалын үеэр “Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ болон Бүгд Найрамдах Сингапур Улсын “Си Пи Жи Интернэшнл” ХХК хооронд Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан болохыг дурдаад, Улаанбаатар хотын хөгжлийг шинэ шатанд гаргахад чиглэсэн олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой болсон хэмээв. Мөн нийслэлийг ногоон хөгжлийг эрхэмлэсэн хүртээмжтэй бөгөөд тогтвортой хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа талаар хэлэв.