Нийслэл дэх ерөнхий боловсролын байгууллагын удирдлагууд өчигдөр зөвлөлдлөө. Үүнд төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 281 сургуулийн удирдлага оролцлов. Тэд 2022-2023 оны хичээлийн жилийн зорилго, сургалтын хөтөлбөр, агуулга, багшийн хөгжил, байгууллагын удирдлага, менежмент зэрэг асуудлыг авч хэлэлцсэн юм. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 290 сургуульд энэ жил 364 мянган хүүхэд суралцаж, 23 мянган багш, ажилтан ажиллах нь. Цаашдаа боловсролын чанарыг сайжруулах чиглэлд онцгойлон анхаарна гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд зөвлөгөөний үеэр мэдэгдсэн юм. Үүний тулд сургуулийн удирдлагыг чадавхжуулж, менежментийг сайжруулах шаардлагатайг онцлов. Түүнчлэн нийслэлийн ЗДТГ-тай хамтран энэ хичээлийн жилээс Улаанбаатар хот дахь ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг компьютероор бүрэн хангах ажлыг эхлүүлэхээ мэдэгдлээ. Ингэснээр сургалтын орчин сайжирч, боловсролын салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэдгийг тэрбээр дурдав. Мөн Хууль зүй, дотоод хэргийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд, Авлигатай тэмцэх газрын даргын хамтарсан зөвлөмж гаргасныг сургуулиудын удирдлагад танилцууллаа. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийг л хүлээн авахыг уг зөвлөмжид тусгажээ.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа