Хүүхэд, залуучуудын хүсэн хүлээдэг “Sprite quest 3x3” сагсан бөмбөгийн тэмцээн энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Тэмцээнд насанд хүрэгчдийн ангиллынхан дүүрэг тус бүрт хуваагдаж, таван өдөр өрсөлдөн, шилдгүүдээ шалгаруулах юм. Тоглолтод дүүрэг бүрээс шалгарсан шилдэг хоёр багийнхан хагас шигшээд өрсөлдөнө. Ялагч багийнхан Филиппиний Себү хотод болох дэлхийн “Их дуулга”-д оролцох эрх авна. Гурав дахь өдрийн тоглолтод Баянзүрх, Налайх дүүргийн сагсан бөмбөгчид өрсөлдсөнөөс “Molten” багийнхан тэргүүлж, “Oygoo”-гийнхон удаалан, “Street 13”-ынхан III байрт шалгарлаа. Энэ сарын 26-нд Хан-Уул, Багахангай, 27-нд Сүхбаатар, Багануур, 28-нд Баянгол дүүргийн багууд тоглох нь. Сонирхуулахад, эхний өдөр тэмцээний салхийг (наймдугаар сарын 19) Чингэлтэй дүүргийнхэн хагалснаас “Шандас транс”, хоёр дахь өдрийнхөд Сонгинохайрхан дүүргийнхнээс “C987” багийнхан тэргүүн байр эзэлжээ.