Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд ирэх намраас сургуулиудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулна гэж холбогдох байгууллагынхан өмнө нь мэдэгдэж байв. Үүний хүрээнд их, дээд сургуулиудын хичээл эхлэх хуваарийг шинэчлэн тогтоосноо Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. Тухайлбал, МУБИС, ШУТИС, ХААИС, СУИС, АШУҮИС-ийн хичээлийг энэ сарын 29-нд эхлүүлэхээр болжээ. Харин МУИС-ийн хичээлийг ирэх сарын 5-нд эхлүүлэх нь. Түүнчлэн МУИС, СУИС, ШУТИС, АШУҮИС-ийн хичээлийг 07.40 цагт эхлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэдгээрт 51 313 оюутан суралцдаг байна. Харин МУБИС, ХААИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийг 08.40 цагт эхлүүлнэ. Эдгээр сургуульд энэ хичээлийн жилд 17 683 оюутан суралцах аж.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа