Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт Хөгжлийн төлөвлөлтийн техникийн хамтын ажиллагааны “Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-ийн коронавируст халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд 8 ширхэг иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт Төслийн бус буцалтгүй тусламж болон Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрөөр дамжуулан удаа дараа үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлон тэмдэглэв. Энэ удаагийн техникийн хамтын ажиллагааны төслөөр олгож буй техник тоног төхөөрөмж хэрэгслүүдийг олон улсын тээвэр ложистикийн нөхцөл байдал хүндэрсэн хэцүү үед амжилттай хүлээлгэн өгсөнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Япон Улсын Засгийн газар болон японы ард түмэнд гүн талархлаа илэрхийлэв.
ЭМЯ-ны харьяа Эх, нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв II-д болсон уг ёслолд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон бусад албаны төлөөлөл оролцов.