Уншигч танд Монголын хамгийн том Замба гүрвэлийн талаарх мэдээллийг хүргэе.
Эл амьтан Алтайн өвөр говь, Говь Алтай, Говийн Тэнгэр уулсын хажуу хормойн хад асга, харгана сөөгтэй газар, уулсын хоорондох хотос хөндий, цөлийн баянбүрд орчмын хадат уулсаар тархсан байдаг.
Нэлээд өргөн уудам нутагт тархсан боловч тархац нутгийнхаа дотор экологийн хувьд аятай таатай нөхцөл, тухайлбал бут мод, хад чулуутай газрыг шүтэн амьдарна Монгол оронд далайн түвшинээс дээш 1200-2400 метрт тохиолдоно. Монгол оронд тархсан талбай 98,255 км2 гэж үнэлэгдсэн ч энэ зүйлийн популяци нь хэсэгчлэн хуваагдаж тусгаарлагдсан байдаг гэнэ.
Монгол-Германы экспедицийн хүрээнд1974-1978 онуудад Ховд аймгийн нутаг, Их нуурын хотгорын Ховд голын савд орших Баян ууланд 86 бодгаль замба гүрвэл тавьж нутагшуулсан байна.
Одоогоор энэ зүйлийн популяци тогтвортой байна гэж үздэг бөгөөд ховордуулах гол шалтгаан үгүй байна. Хэдий тийм ч энэ зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалдаг, ялангуяа Хятадын зах зээлд нэг ширхэгийн үнэ нь ойролцоогоор 5 ам.доллараар үнэлэгддэг бөгөөд олборлодог хэмжээ нь тодорхойгүй. Харин уул уурхайн ажлын явцад тэдгээрийн амьдрах орчныг сүйтгэснээс тоо толгойд нь сөрөг нөлөө үзүүлэх үндэстэй.
Эх сурвалж: Монгол Улсын тусгай хамгаалалттай газар