Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар танилцууллаа. Тэрбээр, " Хөшигийн хөндийд цаашид бий болох ажлын байртай уялдуулж ямар төлөвлөлтүүдийг бий болгох ёстойг Засгийн газар хөгжлийн төлөвлөлтөө батлуулсан. Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн. Төлөвлөлт батлагдсаны дагуу тоо хэмжээ гарч ирж байгаа бөгөөд түүнтэй уялдуулж тухайн газар цэвэрлэх байгууламж барих эх үүсвэр, цахилгаан дулааны ажлын зургуудыг хийж байна.
Мөн хотын төвлөрлийг сааруулахын тулд төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх асуудлыг энэ оны гуравдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төр, захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тогтоол албажин батлагдлаа.
Ирэх Баасан гарагт Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудлыг тойрсон инженерийн дэд бүтцийн эхний ажлыг эхлүүлэхээр болсон.Инженерийн дэд бүтэц, ажлын зураг гарсантай холбоотойгоор энэ жил 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн. Эхний инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, онгоцны буудлын урд талын таван худгаас төлөвлөлтийн дагуу цэвэр усны шугам сүлжээний ажлыг эхлүүлж байна" гэв.