Хичээлийн шинэ жил эхлэхэд цөөн хоног үлдлээ. Улаанбаатар хотод хувийн болон төрийн өмчийн 60 гаруй их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Тэгвэл 2022-2023 оны хичээлийн жилд их, дээд сургуулиуд төлбөрөө нэмсэн, эсэхийг тодрууллаа. Тэр дундаа томоохон их сургуулиудын Сургалтын албанаас энэ талаар лавласан юм.
МУИС өмнөх жилийн адилаар 98 600 төгрөгөөр нэг кредит цагийн төлбөрийг тооцож буй аж. Цаашлаад сургалтын төлөвлөгөө, зарим өөрчлөлтөөс хамаарч сургалтын төлбөрийн хэмжээ хэлбэлзэж магадгүй гэж Сургалтын албанаас нь мэдээлэв.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хувьд шинээр элсэж байгаа оюутнуудын нэг кредитийн үнэлгээ 138 016 төгрөг байхаар тогтоожээ. Харин 2019-2021 онд элссэн хуучин оюутнууд нь 105 056 төгрөгөөр нэг кредитийг тооцож төлнө. Уг сургуулийн нэг кредит цагийн үнэлгээ нь өнгөрсөн жил 79 000-90 000 төгрөг байсан юм.
Санхүү, эдийн засгийн их сургуулийн нэг кредит цагийн төлбөр 185 000 төгрөг байх нь. Өнгөрсөн хичээлийн жилд уг дүн 160 000 төгрөг байжээ.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хэмжээнд нэг кредитийн төлбөр 40 700-117 610 төгрөгт хэлбэлзэж байна. Ингэснээр нэг жилийн сургалтын төлбөр 1.5-4.1 сая төгрөг болох нь гэж оюутнууд нь хэлж байлаа.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сургалтын төлбөрийн тухайд өнгөрсөн жил нэг кредит цаг нь 105 545 төгрөг байж. Тэгвэл энэ удаад 140 000-160 000-д хүргэж, 30 хувиар нэмжээ. Энэ нь зөвхөн шинээр элсэж байгаа оюутнуудад хамааралтай юм. Өмнөх онд элсэгчдийн төлбөрийн мэдээллийг удахгүй Сургалтын албанаас нь зарлах гэнэ. МУБИС-ийн хувьд энэ жил төлбөрөө нэмээгүй, өнгөрсөн оныхтой адил байна гэв. Тодруулбал, нэг кредитийн төлбөр 78 000-98 000 төгрөг аж.
Бэлтгэсэн Г.Ариунзаяа