Улсын хэмжээнд энэ сарын 6-нд 446 хүнээс коронавирус илрүүлжээ. Энэ нь халдварын тархалт таван сарын өмнөх түвшиндээ хүрсэн үзүүлэлт юм. Тодруулбал, үүнээс өмнө өнгөрсөн гуравдугаар сарын 10-нд 487 хүн “Ковид-19”-өөр өвчилсөн нь батлагдсан байна. Тэр үеэс хойш өдий хүртэлх хугацаанд хоногийн үзүүлэлт 400-гаас даваагүй байсан. Уржигдар илрүүлсэн тохиолдлуудын 226 нь нийслэлд, 220 нь орон нутагт бүртгэгджээ. Түүнчлэн уг өвчний улмаас нэг хүн энджээ. Ингэснээр манай улсад “Ковид-19”-өөр нас барсан хүний тоо 2123-т хүрээд байна. Коронавирусийн омикрон хэлбэрийн ВА.5 хувилбар тархсанаас шалтгаалан манай улсад цар тахлын тав дахь давлагаа эхлээд буй бөгөөд оргил үе нь энэ сарын сүүлчээс ирэх сарын эхэн үеийг дуустал үргэлжлэх төлөвтэй гэж холбогдох мэргэжилтнүүд таамаглажээ. Халдварын шинэ давлагаанаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүх шаардлагатайг Эрүүл мэндийн яамныхан зөвлөж буй билээ.