Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан манай улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвд сармагчны цэцэг өвчний 600 оношлуур хүлээлгэн өгчээ. ДЭМБ-аас өнгөрсөн сарын 23-нд сармагчны цэцгийг олон улсад тархах эрсдэлтэй, онц аюултай өвчин хэмээн зарласан. Үүнтэй холбоотойгоор уг өвчний тандалт, эмчилгээ, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахаар ажиллаж буйгаа ХӨСҮТ-ийнхөн мэдээлэв. Ийм чухал үед оношлуур хүлээлгэн өгсөнд Японы Засгийн газарт талархал илэрхийллээ. Манай улсын холбогдох байгууллагууд хамтран уг өвчний эрсдэлийн үнэлгээг гурван удаа хийгээд буй аж. Сүүлийн хоёр үнэлгээгээр Монголд сармагчны цэцэг зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй гэсэн дүн гарсан байна.