Казахстаны Нур-Султан хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Уг тэмцээнд Монголын шигшээ багийн 18 тамирчин зодоглож буй юм. Эхний өдөр найман бөх хүч сорьсноос эрэгтэйчүүдээс -66 кг-ын жинд Ё.Басхүү алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо. Тэрбээр аваргын төлөө Японы Танака Рёомаг буулгаж авсан. Түүнчлэн эмэгтэйчүүдээс хоёр бөх хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, -48 кг-д Г.Наранцэцэг БНХАУ, -52 кг-д Б.Хорлоодой Узбекистаны бөхийг илүүрхэж хүрэл медаль гардсан юм. Манай сонины дугаар шилжих мөчид эмэгтэйчүүдийн -57 кг-д М.Ичинхорлоо хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байв.