Их сургуулийн нэгэн багшийн “Намаржин наргичихаад, хаваржин хорчийно” хэмээн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Намрын налгар өдрүүдэд хичээл номдоо шамдахгүй баахан алгуурлачихаад, хаврын шалгалт дөхөхөөр гэнэт ухаан орсон юм шиг тэвдэж сандарцгаадаг оюутнуудын араншинг багш маань ийнхүү ёжилсон хэрэг. Харин монголчуудын нийтлэг байдал, ажилдаа гаргах хандлагыг ажихаар энэ үгийг “Зунжин зугаалчихаад, намаржин “махийна” гэж өөрчилмөөр санагддаг. Үүний тод жишээ нь хичээлийн шинэ жилтэй уралдан дуусгадаг сургууль, цэцэрлэгийн засварын ажил юм. Аливааг цагийг нь тулгаж хийдэг энэ урагшгүй байдлаасаа болоод монголчууд бид хүүхэд багачуудаа будаг нь хатаагүй танхимд жил бүр хичээллүүлж, эрүүл мэндийг нь хордуулж, аминд нь заналхийлсээр өнөөдрийг хүрчээ. 2022-2023 оны хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоногийн хугацаа үлдээд буй энэ үед Чингэлтэй дүүрэгт гэхэд дөрвөн сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил үргэлжилж байна. Өнгөрсөн сарын 20-нд болсон дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр уг ажлыг эрчимжүүлж, есдүгээр сарын 1-нээс өмнө дуусгах үүргийг холбогдох албаныханд өгсөн гэнэ. Сонгинохайрханд гурван сургууль, хоёр цэцэрлэг засвар, өргөтгөлийн ажилтай байгааг дүүргийнх нь Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн хэллээ. Харин Увс аймаг өнөө жил орон нутгийн төсвөөр дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгт урсгал засвар хийж буй бөгөөд үүнийг наймдугаар сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Дархан-Уул аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрынхны мэдээлснээр сургууль, цэцэрлэгийн засварын ажлын явц 70 хувьтай гэнэ. Дорнод аймагт сурагчдаа хүлээж авахад хараахан бэлэн бус дөрвөн сургууль байна. Эдгээрийн засварыг энэ сарын 15 гэхэд дуусгах нь. Тэгвэл өнөө жил улс, нийслэлийн хэмжээнд чухам хэчнээн сургууль, цэцэрлэгт засвар, өргөтгөл хийж байгаа, өдгөө ажлын явц ямар буй нь тодорхойгүй аж. Энэ асуултад хариулт авахаар БШУЯ, нийслэлийн Боловсролын газрынханд хандлаа.
Яамны зүгээс “Холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулснаас үүдээд аж ахуйн нэгж, байгууллагын засвар, арчлалт, үйлчилгээг тухайн орон нутаг нь хариуцахаар болсон. Бидэнд мэдээлэл байхгүй” гэв. Харин нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Бадамсэрээжид “Урсгал засварыг сургууль, цэцэрлэгүүд өөрсдийн орлогын эх үүсвэрээр хийдэг учраас нэгдсэн мэдээлэл алга. Харин энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 14 сургууль, цэцэрлэгт их засвар хийхээр төлөвлөж, 1.7 тэрбум төгрөг хуваарилсан. Долдугаар сарын 30-ны байдлаар тус ажлын гүйцэтгэл 61 хувьтай байсан. Хоёр сургуулийн засвар бүрэн дуусаад байгаа. Наймынх нь ажил яг одоо үргэлжилж байна. Гурвынх нь засварыг энэ долоо хоногт эхлүүлнэ. Нэг нь тендерийн асуудалтай. Ерөнхийдөө эдгээрийг дуусгах цаад талын хугацааг наймдугаар сарын 15 гэж тогтоосон” хэмээн ярив.
Уг нь өдийд БШУЯ, нийслэлийн Боловсролын газрынхан “Улсын хэмжээнд төдөн сургууль, цэцэрлэг засвартай байна. Ажлын явц төчнөөн хувь” хэмээн мэдээлж, яаралтай дуусгах үүрэг чиглэлийг холбогдох хүмүүст өгч, бөөн юм болдог сон. Харин өнөө жил ус балгасан юм шиг чимээгүй байгаа нь дээрх шийдвэрээс улбаатай бололтой. Эндээс харахад, сургууль, цэцэрлэгийн засварын ажил өмнөх жилүүдийнхээс ч оройтож мэдэхээр, далан задгай байна. Нийслэлийн төсвөөр их засвар хийхээр санхүүжилтээ шийдүүлсэн 14 сургууль, цэцэрлэгийн 12-ынх нь ажил дуусаагүй, зарим нь бүр эхлээ ч үгүй байх жишээтэй. Энэ талаар мэдээлэл авахаар өөр нэг мэргэжилтэнтэй холбогдоход “Засвар хийж ядах зүйл үгүй. 10- 14 хоногт дуусгачихдаг юм. Будаг төдийхнийг хийхэд тийм их цаг орохгүй шүү дээ” гэсэн юм. Түүний төдийхөн хэмээн үл тоон ярьсан “шалихгүй” ажлууд яг үнэндээ сурагчдад ямар их хор хөнөөлтэйг, энэ нь сургууль, цэцэрлэгийн засварыг цагийг нь тулгаж бус, эрт хийх гол шалтгаануудын нэг болсоор удаж буйг тэрбээр мэддэггүй бололтой. Хоёр сар гаруйн өмнө гэхэд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооныхон уг асуудлаар хуралдаж, ажлын хэсэг хүртэл байгуулах шийдвэр гаргасан шүү дээ. Гэвч бодит байдалд үүнийг тусган авч, хэрэгжүүлсэн нь алга.
НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хот, хөдөөгийн 44 сургууль, цэцэрлэгийг хамруулсан судалгаа хийгээд манай улсад дотоод орчны агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгааг, үүнд будагч бодис, чанарын шаардлага хангахгүй барилгын материал гол нөлөө үзүүлдгийг тогтоосон. Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд хавдрын өвчлөл ихэссэн нь ч үүнтэй холбоотой гэж судлаач, мэргэжилтнүүд дүгнэсэн. Олон төрлийн дэгдэмхий бодис ялгаруулдаг зүйлийн нэн тэргүүнд будаг, эмульс бичигддэг юм билээ. Тиймээс барилгын материалын чанарт онцгой анхаарах, эхний ээлжид сургууль, цэцэрлэгийн орчныг аюулгүй болгох, засвар, тохижилтыг эрт дуусгах асуудлыг Х.Булгантуяа тэргүүтэй УИХ-ын гишүүд хөндөж байв. Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо сургууль, цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэдэг барилгын компаниуд хамгийн хямд, чанаргүй материал ашигладаг нь сурагчдын эрүүл мэндэд үлэмж хэмжээний хор нөлөө учруулдгийг онцлоод, будаг, эмульс, бусад төрлийн чанаргүй бодисыг хилээр нэвтрүүлэхгүй байхын тулд мэргэжлийн лаборатори байгуулах шаардлагатай гэж хэлсэн. Түүнчлэн сургууль, цэцэрлэгийн барилга дахь агаар сэлгэлтийн норм, дүрмийг нэн даруй батлах хэрэгтэй хэмээсэн юм. Эл нийтийн сонсголд БШУЯ-ны төлөөлөл бүхий мэргэжилтнүүд ч хамрагдсан. Харамсалтай нь, юу ч өөрчлөгдсөнгүй. Сургууль, цэцэрлэгүүд будаг нь ханхалсан, “хор нөөцөлсөн” танхимд сурагчдыг хүлээж авах нөхцөл бүрдүүлсээр, яамныхан “бидэнд хамаатай асуудал биш” гэж өөрсдөөсөө холдуулсаар.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг хэдийд хийвэл тохиромжтойг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны судлаачаас тодруулахад “Яг төдийд гэж нарийн заасан хугацаа байхгүй. Гэхдээ амралтын үед, хичээл эхлэхээс наанадаж нэг сарын өмнө хийвэл сайн. Үүнээс эрт дуусгавал бүр сайн. Будагны хор бүрэн гадагшилтлаа багадаа хагас сар болдог. Чанаргүй будаг, материал хэдийд ч дэгдэмхий бодис ялгаруулж, орчин тойрондоо байгаа хүмүүсийг хордуулж байдаг тул сонголтдоо анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Харин О.Бадамсэрээжид дарга дээрх асуултад “Их засварыг өдийд төдийд хийнэ гэсэн тухайлсан хугацаа байхгүй. Хичээлийн жилийн онцлогоос шалтгаалаад сургууль, цэцэрлэгүүд харилцан адилгүй хугацаанд хийдэг. Ихэвчлэн долдугаар сард эхлүүлж, хичээлийн жил эхлэхийн өмнө дуусгадаг” гэж хариулсан юм. Эндээс дүгнэхэд, манай улсын сургууль, цэцэрлэгүүд дуртай үедээ засвар хийж, хүссэн цагтаа түүнийгээ дуусгадаг бололтой.
Дэгдэмхий органик бодис тархсан орчинд удаан хугацаанд байсан хүүхдэд эхэндээ арьс загатнах, толгой өвдөх, амьсгал давчдах, хамраас цус гарах нийтлэг шинж тэмдэг илэрдэг бол удаан хугацааны дараа хүндээр өвчилж, олон төрлийн хорт хавдар тусах эрсдэлтэйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал Б.Сувд онцолсныг энд дурдъя. БШУЯ, нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн захиргааны байгууллагынхан цаашид энэ асуудалд онцгой анхаарч, сурагчдад эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваасай. Наанадаж засвар, шинэчлэл хийх хугацааг шинжлэх ухааны судалгаанд үндэслэн тогтоож, түүндээ багтаан дуусгадаг болгоосой. Дээрх дарга, мэргэжилтнүүдийн хэлсэн шиг “Хэзээ засвар хийх нь тухайн сургууль, цэцэрлэгийн мэдэх асуудал” гэж хайнга хандаж боломгүй.