НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар /НАЖГ/, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг есдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Ким Чоль Сантай уулзлаа.
Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болгох зорилтын хүрээнд Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа. Энэ жилийн хувьд БНСУ-ын хамтлаг, дуучдын урлагийн тоглолт, хоолны амталгааг зохион байгуулж, хүнс, гоо сайхан, эрүүл мэнд, техник технологийн салбарыг сурталчлахаар төлөвлөж буй юм.