Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад 5-11 насны хүүхдүүдийг өчигдрөөс хамруулж эхэлсэн. Вакцины эхний тунг өрхийн эмнэлгүүдэд хийж байгаа юм. Дархлаажуулалтын хамрагдалт ямар байгаа талаар нийслэлийн зарим өрхийн эмнэлгийнхнээс тодруулахад “Иргэдийн идэвх сул байна”, “Нэг ч хүүхэд вакцин хийлгэсэнгүй” гэв. Өчигдөр үдээс өмнө Чингэлтэй дүүргийн нэгэн өрхийн эмнэлэгт очиход дархлаажуулалт эхлээ ч үгүй, эмч нар нь ч энэ талаар төдийлөн мэдээлэлгүй байв. Бас дархлаажуулалтад хамрагдах хүн ирсэн ч вакцин байхгүй гэнэ. Хотын төвөөс алслагдсан Багануур дүүргийн нөхцөл байдлыг лавлахаар дөрөвдүгээр хорооны “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Х.Өнөржаргалтай холбогдоход “Вакцин хийлгэх буюу 5-11 насны 1000 гаруй хүүхэд манай харьяанд бий. Одоогоор (өчигдөр 15.30 цагийн үед) нэг ч хүүхдэд вакцин хийгээгүй. Дээрх насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчидтай нэгбүрчлэн утсаар холбогдон, вакцин хийлгэх, эсэхийг нь тодруулж байгаа. Холбогдсон хүмүүсийн олонх нь хүүхдэдээ вакцин хийлгэхийг зөвшөөрөөгүй. Дөрвөн хүүхэд вакцин хийлгэнэ гэсэн. Нэг савлагаанд 10 ширхэг вакцин байдаг учраас 10 хүүхэд бүрдэнгүүт дуудаж, дархлаажуулалтад хамруулна” гэв.
Вакцинд хамрагдах хүүхдүүдийн идэвх сул байгаа нь аялал, зугаалгын үе дуусаагүй, олонх иргэн орон нутагт амралтаар яваатай холбоотой гэдгийг өрхийн эмнэлгийнхэн хэлж байлаа. Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр иргэд вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл, зарим тохиолдолд ташаа зүйлсийг их бичиж, нийтэлж байгаа нь эцэг, эхчүүдэд буруу ойлголт төрүүлэх болсон гэв. Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны “Шар дэгд” өрхийн эмнэлгийнхэнтэй холбогдоход “Дархлаажуулалт эхлээгүй. Бид вакцинаа татан авахаар ажиллаж байна” хэмээсэн юм. Сонгинохайрхан дүүргийн 26, 36 хорооны иргэдэд үйлчилдэг “Эхэн босго” өрхийн эмнэлгийнхэн мөн л өчигдөр вакцин ирэхийг хүлээж байгаагаа хэллээ. Тус эмнэлгийнхэн “Иргэд мэдээлэл сайтай байна. Хүүхдүүдэд вакцин хэзээ хийх, эцэг, эхчүүд зөвшөөрлөө яаж өгөх зэргийг асуусан хүн цөөнгүй байлаа. Дархлаажуулалт маргаашаас (өнөөдөр) жигдрэх байх” гэсэн мэдээлэл өгөв.