Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар оршуулгын тэтгэмжийг хоёр дахин нэмэгдүүлэв
Өнөөдөр буюу (2022.08.01)-нд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурал ХНХЯ-ны хурлын танхимд боллоо. Хуралд НДҮЗ-ийн гишүүн МҮЭ-ийн холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Х.Буянжаргал, Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа нар оролцлоо.
Тус хурлаар,
1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай
2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцжээ.
Энэ хүрээнд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоож, амьгүй донор болж эс, эд эрхтэнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөгөөр тогтоожээ.
Тогтоолыг 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.
Оршуулгын тэтгэмжийн хэмжээг өмнө нь:
2002 онд Засгийн газрын шийдвэрээр 148,500 төгрөг
2009 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 300,000 төгрөг
2013 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 620,000 төгрөг
2016 онд НДҮЗ-ийн шийдвэрээр 1,000,000 төгрөгөөр тус тус тогтоож байсан юм.