Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад өнөөдрөөс 5-11 насны хүүхдүүдийг хамруулж эхлэхээр болсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэв. Манай улсад өмнө нь 12-оос дээш насны хүүхдүүдэд уг вакциныг хийж байсан. Үүнээс бага насныхныг анх удаа “Ковид-19”-ийн эсрэг вакцинд хамруулж буй нь энэ юм. АНУ болон Европын зарим улсад бага насны хүүхдүүдийг вакцинд хамруулж буй туршлагад үндэслэн дархлаажуулалтыг эхлүүлж байгааг тус төвийнхөн тайлбарлалаа. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга В.Байгал “Олон улсын судалгаанаас харахад, коронавирусийн эсрэг вакциныг хүүхдүүдэд хийснээр халдвар авах, өвчилсөн тохиолдолд биеийн байдал хүндрэх, эндэх эрсдэлээс 90-95 хувиар хамгаалж байна гэсэн үр дүн гарсан. Тиймээс хүүхдүүдийг нэг сарын зайтай хоёр удаа “Комирнэти” вакцинаар дархлаажуулж, халдвараас сэргийлнэ. Эцэг, эхчүүд зөвшөөрлийн хуудастай танилцсаны дараа хүүхдэдээ вакцин хийлгэнэ. Дархлаажуулалт нь сайн дурынх учраас вакцин хийлгээгүй хүүхдийг сургууль, цэцэрлэгт оруулахгүй гэсэн асуудал гарахгүй” гэв. Вакцины эхний тунг сум, өрхийн эрүүл мэндийн төв дэх дархлаажуулалтын цэгт хийх юм байна. Харин хоёр дахь тунг хийхдээ сургууль, цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээхээр төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, коронавирусийн омикрон хэлбэрийн ВА.4, ВА.5 хувилбарын улмаас манай улсад халдварын тархалт нэмэгдсээр байна. Үүний зэрэгцээ томуу, томуу төст өвчний тархалт ч их байгаа аж. Тэр дундаа томуугийн А хүрээний Н1N1 вирус өнгөрсөн долоо хоногт хийсэн шинжилгээгээр илэрсэн гэнэ. Энэ нь 2016 онд томуугийн цар тахал үүсгэсэн, халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндрэх эрсдэлтэй вирус аж. Тиймээс иргэд “Ковид-19”-өөс гадна томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэм сахихыг тус төвийнхөн зөвлөлөө.