Коронавируст халдвар болон томуу томуу төст өвчлөлийн талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өнөөдрийн байдлаар дэлхийн 570 сая иргэн коронавирус халдвартай нь батлагдсан байна. Харин манай улсад Омикрон хувилбарын BA4 болон BA5-ын тохиолдлын тоо өдрөөс өдөрт ихэслээ. Өөрөөр хэлбэл, ПСР шинжилгээний эерэг гарах хувь өмнөх долоо хоногоос 14,5 хувиар өссөн. Зургаадугаар сарын сорьцод BA.4 болон BA.5 гэсэн хэв шинж тодорхойлогдсон. Тэгвэл долдугаар сарын сорьцод BA.5-ын дөрвөн дэд хэв шинж нийлээд 70 хувьтай байна. Тэгэхээр BA.5 дэд хувилбар халдварыг давамгайлж үүсгэж байна гэж ойлгож болно.
BA.5 хувилбарын онцлог шинжүүдийг дурдвал. Нууц үе 2.4 хоног байна. Нийт халдвар авсан хүмүүсийн 4,3 хувь нь анх удаа халдвар илэрсэн бол 4,1 хувь давтан халдвар авсан нь бүртгэгдсэн. Давтан өвдөж байгаа хугацаа 6.6 сар байгаа юм.
18-39 насныхан бусад насны бүлгүүдтэй харьцуулахад 1.3 дахин халдварт өртөх эрсдэлтэй. Өнөөдрийн байдлаар улс даяар 1,810 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс биеийн байдал нэн хүнд гэсэн оноштой, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ, үйлчилгээ авч байгаа иргэд 1,8 хувийг эзэлж байна. BA.4 болон BA.5 хувилбарын хувьд ханиадны болон амьсгалын дээд замын шинж тэмдэг тод илэрч байна. Мөн амьсгалын дээд замын үед илэрдэг хоолой хөндүүрлэх, хуурай ханиалгах, хамраас нус гоожих шинж тэмдэг илэрч" байгааг онцоллоо.