Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ)- ны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан хуульч Б.Пүрэвням болон түүний туслах Н.Оюунбат нарт холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байна. “Салхитын мөнгөний ордын” гэх дуулиант хэргээс тусгаарласан уг хэргийг тус шүүх энэ сарын 5-нд хэлэлцэхээр товлосон ч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх сарын эхэн хүртэл хойшлуулжээ.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дахь Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийн маргааныг шийдвэрлэхдээ анхан болон хяналтын шатны шүүхийн шүүгч нарт 50 саяас дээш төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай нь тогтоогдсон Ш.Мөнгөншагайгаас нэлээд их хэмжээний мөнгө авч түүнд ашигтай шийдвэр гаргуулахын тулд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч агсан Ц.А-д өгсөн хэрэгт Б.Пүрэвням, Н.Оюунбат нарыг буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн дээрх шүүхэд шилжүүлээд байна.
Б.Пүрэвнямын хувьд 2007 оны арваннэгдүгээр сард ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгаад 2013 оны арванхоёрдугаар сарын 26-ны 71 дүгээр тогтоолоор бүрэн эрхийн хугацаа нь дууссан үндэслэлээр чөлөөлөгдсөн нэгэн юм. Тэрбээр МӨХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалыг нэлээд удаан хугацаанд хашиж байсан билээ.