Хорват улсын Липик хотод болсон сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн гран при тэмцээн өнгөрсөн амралтын өдөр өндөрлөлөө. Тэмцээний D хэсэгт “Улаанбаатар ММС энержи” багийнхан эзэн орны “Загреб” (20:15) болон Германы “Дюссельдорф”-ийн (21:15) тоглогчдыг тус бүр хожиж, хасагдах шатанд Токиогийн олимпын аварга Латви улсын Рига багийнхныг 21:15-аар илүүрхэн дараагийн шатанд шалгарав. Монголын сагсан бөмбөгчид олимпын аварга болсон багийнхныг гран прид хоёр дахь удаагаа хожсон нь энэ. Хагас шигшээд Сербийн “Лиман” багийн тоглогчилтой таарсан ч 10:18 оноогоор ялагдан, III байрт шалгарч Швейцарын Лузанн хотод ирэх сарын 19-20-нд болох “Их дуулга”-д өрсөлдөх эрх авчээ. Уг тэмцээнд амжилттай оролцвол тэд Чехийн Праг хотод зохион байгуулах “Их дуулга”-д оролцох юм.