ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад удирдлагынхаа дэмжлэгээр нийслэл рүү шилжин эрх бүхий албан тушаалд томилогдоод байсан Б.Хүдэрболдод холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Түүнийг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан гэх үндэслэлээр 2021 оны наймдугаар сарын сүүлчээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Б.Хүдэрболдыг дээрх салбарын даргаар ажиллаж байхдаа 2020 оны долдугаар сарын 21-нд иргэн А.Б-д 11-11 ДГН улсын дугаар олгосныхоо хариуд хоёр сая, Дорноговь аймаг дахь “Монгол даатгал” ХК-ийн захирал Б.Хонгорзулаас “Нью кардинал” ХХК-ийн 67 тээврийн хэрэгслийг даатгуулсны хариуд гурван ч удаа багагүй хэмжээний хахууль авсан хэмээн буруутгасан юм. Мөн өөрийн хамаарал бүхий “Чандмань цагаан хад” ХХК-д давуу байдал бий болгож, олон улсын ачаа тээвэрийн “С” зөвшөөрөл гаргуулан авч, нүүрс тээвэрлэх бизнес эрхлэн их хэмжээний ашиг олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан билээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 4-8-нд гэмт хэргийн шинжтэй 34 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийтдээ 98-ыг шалгасан. Түүнээсээ 15-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, гурвыг нь харьяаллын дагуу шилжүүлэхээр прокурорын хяналтад хүргүүлсэн бөгөөд одоогоор 69 гомдол, мэдээллийг хянан шалгаж буй юм. Түүнчлэн эрүүгийн 659 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас долоог шүүхэд шилжүүлэх, есийг нь хаах санал прокурорт гаргасан гэнэ. Шүүхэд шилжүүлэхээр болсон долоон хэргийн дотор Эрүүгийн хуулийн 22.4-т заасан бусдаас хахууль авсан, 22.10-ын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан АТҮТ-ийн Дорноговь аймаг дахь салбарын дарга асан Б.Хүдэрболдод холбогдох хэрэг байгаа юм.