Засгийн газар өнгөрсөн сарын 29-нд Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийг баталсан. Уг дүрэмд зааснаар Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадамд барилдах, урьдчилсан бүртгэлээр нэрээ ирүүлсэн болон барилдах боломжтой бөхчүүдийн эрэмбийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргалаа. Тус холбооноос дархан аварга Г.Өсөхбаярыг нэгт, А.Сүхбатыг хоёрт эрэмбэлжээ. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 2.10.2-т “Нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр” гэж заасны дагуу ийнхүү шийдвэрлэсэн байна. Тэгвэл гуравдугаарт даян аварга Н.Батсуурь, дөрөвт улсын аварга О.Балжиннямыг жагсаалаа. Тавд улсын аварга П.Бүрэнтөгс, зургаад Г.Эрхэмбаяр, долоод Ч.Санжаадамба, наймд С.Мөнхбатыг эрэмбэлжээ. Уг эрэмбийн есдүгээр байраас хойш арслан цолтнууд бичигдэж эхэлсэн аж.